Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-06 20:29:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд энэ тоо 10 дахин нэмэгджээ.


Оны эхний хагас жилийн байдлаар 665 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн нь нийслэл орчимд газар хөдлөлтийн идэвхжилт багасахгүй байгааг харуулж байна. Энэ оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5, гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5, долоодугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын хүчтэй газар хөдөлсөн нь нийслэлийн иргэдэд мэдрэгдсэн билээ.


Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, тогтмол бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд хүргэх шаардлагатайг Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн өнөөдрийн хурлаар онцлов.

Тус зөвлөлд НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, НЭМГ, есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг.


Цахим хурлын үеэр Улаанбаатарт газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхгийг нэмж байгуулах, нийслэлийн өмчийн  хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарахыг холбогдох байгууллагад үүрэг болголоо.   



Холбоотой мэдээ