Монголын шүүгч Э.Саруул "Токио-2020" байт харвааны шигшээ тэмцээнийг шүүв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-01 13:21:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал тун өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд халз уг тэмцээнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичжээ.

 

Тус тэмцээнд Туркийн Мете Газоз Италийн Мауро Несполиг 6:4-өөр хожин аваргалсан бөгөөд 22 настай залуу харваачийн ачаар Турк улс байт харваагаар анх удаа олимпоос алтан медаль хүртсэн юм.

 

Манай байтынхан энэ удаагийн олимпод анх удаа шүүгчээ илгээсэн төдийгүй Монгол шүүгч шигшээ харвааг шүүсэн нь түүний ямар чансаатай байгааг харууллаа.

 

Э.Саруул Франц, Англи хэлтэй бөгөөд 2013 онд Монголд болсон Азийн Гран при тэмцээн, 2015 онд АНУ-д зохиогдсон Өсвөр үе, залуучуудын ДАШТ, 2016 онд Монголд зохион байгуулагдсан Оюутны ДАШТ, тэр жилээ Шанхайн Дэлхийн цом, 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотноо болсон Залуучуудын олимпын наадамд шүүгчээр ажиллаж байв. Харин энэ удаа зуны олимпын наадмын финалыг дэнслэн шүүж, дэлхийд данстай шүүгч гэдгээ баталлаа.

Холбоотой мэдээ