Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-07-30 16:40:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ийн 2013 оны Ерөнхий Ассамблейн Дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд A/RES/68/192 тогтоолыг баталж, 7-р сарын 30-нд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхтэй.


Энэхүү тогтоолоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, тэдний эрхийг хамгаалах, энэ тухай сурталчлах зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгджээ. Энэ жил “Хохирогчийг сонсох нь Хамгийн зөв зам” нэрийн дор тэмдэглэж байна.


Хохирогчийг сонсох нь яагаад чухал болох талаар Хүйсийн тэгш эрхийн төвийн Тэргүүн Г.Ганбаясгах, “Хохирогч нь энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд өгөхдөө юунд илүү анхаарах, хэргийг илчлэх, мэдүүлэхэд ямар саад бэрхшээлтэй нүүр тулдаг гэдгийг бодитоор мэдэрсэн тул бусад хохирогчдод туслалцаа үзүүлэх оновчтой арга замыг хэлж өгдөг.


Мөн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход  тэдний оролцоо маш чухал юм. Иймээс өнөөдөр дэлхий даяар  жирийн иргэн, төр засаг,  шүүх цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд хохирогчийг сонсож, үйл ажиллагаагаа төлөвлөх нь хамгийн зөв арга зам гэдгийг онцолж байна” гэв.




Дэлхий даяар эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн гол бай болсоор байна. 2018 онд дэлхийн хэмжээнд илрүүлсэн гэмт хэргийн 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, хоёр нь бага, өсвөр насны охид байв.


Манай улсын хувьд охид, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгт өртөх байдлаар энэ гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгдэж байна. Тэдний дунд 18-24 насны эмэгтэйчүүд,  14-17 насны охид хохирогч болох нь  өндөр байна.  Нөгөө талаас амьдралын нөхцөл байдлаас үл хамааран хэн ч энэ гэмт хэргийн хохирогч болох магадлалтай гэдгийг анхаарах нь зүйтэй юм.


Мөн Монгол Улсад өмнөх онд нийт хүн худалдаалах 40 хохирогчтой 14 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний найм хэрэг нь  шүүхээр шийдвэрлэгдсэн байна. 

Холбоотой мэдээ