“Амь нэг” үндэсний хөдөлгөөн эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-30 15:56:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой хүрээнд хийж буй “Амь нэг” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ.


Монгол Улсын нийслэл дүүрэг, аймаг сум бүрт салбар нэгжтэй МЗХ-оос “Хамтдаа хичээцгээе” уриатайгаар орон даяар зохион байгуулагдах “АМЬ НЭГ” залуучуудын хөдөлгөөн хоёр сарын хугацаанд үргэлжлэнэ.


Энэхүү хөдөлгөөнөөр дэлхийн нийтийн цар тахал Ковид-19-ын өвчлөл, нас баралтыг бууруулахад залуучуудын оролцоог илүү идэвжүүлж, тодорхой үр дүнд хүрэхээр зорилт тавьж байгаа юм байна.




МЗХ-ны Төсөл хөтөлбөрийн газрийн дарга Э. Нэргүй, “Ковид-19 цар тахлыг Монгол Улсад залуучуудын оролцоотойгоор халдвар, нас баралтыг бууруулах, бүх нийтэд үнэн зөв мэдээллийг олон талт хэлбэрээр, залуучуудын дуу хоолойгоор хүргэх, МУ-ын Засгийн газар, УОК, ЭМ-ийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, туслах, оролцох, иргэн бүрт урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, халдвар авсан иргэдийн сэтгэл санааг дэмжих, нийгмийн гадуурхлаас хамгаалах, иргэн бүрийг хариуцлагатай байхыг чиглэсэн цахим болон нийгмийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх, залуучуудын хандив тусламжаар тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилготой” гэв.




Цар тахлын хүрээнд хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж буй, яаралтай шийдвэрлэх ёстой асуудлуудаар олон нийт, залуучуудын дунд санал асуулга явуулж шийдвэрлэх зорилт дэвшүүлж байна. Ийнхүү асуудлыг шийдэхийн тулд МЗХ олон нийтийн дунд хандивын аян зохион байгуулж, цугларсан хандивын хөрөнгөөр нэн тэргүүнд шаардлагатай ажлуудыг хийх юм байна.


Үүнээс гадна олон нийтийн дунд мэдээ мэдээлэл түгээх, залуучууудыг уриалан дуудах, шинэ санаа дэвшүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнууддаа дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэх мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. 




Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ