Вакцины бүрэн тунд хамрагдсан сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-07-27 15:33:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын 2021 оны 104 дүгээр хэсэгчилсэн хуралдаан өнөөдөр цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргасныг Аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга дарга Б.Азжаргал танилцууллаа.

Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн:

Вакцины бүрэн тунд хамрагдсан 12 оос дээш насны хүүхдүүдийн секц дугуйлан, танхимын сургалтад хамрагдах боломжийг нээнэ.

Аймгийн хэмжээнд ажиллаж буй шалган нэвтрүүлэх постуудыг татан буулгана.

Дархан-Өргөө кино театр хариуцлагын гэрээний хүрээнд вакцины бүрэн тунд хамрагдсан арванхоёроос дээш насны хүүхдүүдэд үйлчлэх боломжтой болно. Үзвэр үйлчилгээний байгууллагууд танхимын 30 хувийн дүүргэлтээр үйлчилнэ.

Мөн түр тусгаарлах байрыг татан буулгахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо. ХААИС-ийн байранд иргэдээс түргэвчилсэн оношлуурын сайн дурын шинжилгээг авч буй түр шинжилгээний цэгийг 8 дугаар сарыг дуустал 10:00-16:00 цаг хүртэл өдөр бүр ажиллуулна. Тус цэгт очиж болон иргэд өөрсдөө түргэвчилсэн тестээр шинжлээд эерэг гарсан, халдварын шинж тэмдэг илрээгүй иргэдээс баталгаажуулах шинжилгээ /PCR/ авах ажээ.

Түүнчлэн өнөөдрийн онцгой комиссын хуралдаанаар Дархан хотын 60 жилийн ойтой холбоотой ямар нэг баяр наадам, арга хэмжээг энэ жил зохион байгуулахгүй байхыг дэмжсэн хэвээр үлдээсэн.

Томоохон ААНБ-ууд 14 хоногт нэг удаа ажилтан, албан хаагчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулахыг мөрдлөг болгоно.

Холбоотой мэдээ