Таван зуун дугуйг тодорхой байршилд байршуулах саналаа илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-24 09:36:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “UBIKE” төслийн багийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.


Уулзалтын үеэр төслийн багийн гишүүд нийслэлд дугуйн замын бүтээн байгуулалт хийж байгаа, дугуй унах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс төслийг үргэлжлүүлэн түрээсийн 500 дугуйг тодорхой байршилд байршуулах саналаа хэллээ.


НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэл, замын түгжрэлийг багасгахад дэлхийн 600 гаруй хот түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтрүүлсэн байдаг. Төслийг дэмжиж байна. Гэхдээ “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд хуулийн дагуу ажил хийгдэх ёстой. Иймд 2018-2020 онд хэрэгжсэн төслийн үр дүн, санал, дүгнэлтийг албан ёсоор ирүүлэх хэрэгтэй” гэв. 


Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх  таван жилийн үндсэн чиглэлд авто, дугуй, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгажээ. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавьж байна. Тухайлбал,  Чингэлтэй дүүрэгт Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам, Баянзүрх дүүрэгт Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам тавьжээ.


Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг 2018-2020 онд хэрэгжүүлэх хугацаанд 5000 хэрэглэгч давхардсан тоогоор түрээсийн 200 дугуйг 70 мянган удаа түрээсэлж унасан байна



Холбоотой мэдээ