Оюуны өмчөөс 202 бүтээлд патент олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-22 14:04:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газраас мэдээлж байгаагаар улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд шинэ бүтээл болон бүтээгдэхүүнийн загварын патент авахаар 259 иргэн, байгууллага бүхий хуулийн этгээд мэдүүлэг өгөн ханджээ. Энэ нь өмнөх оныхоос 32 буюу 14.1 хувиар нэмэгджээ.


Мөн өнгөрсөн хугацаанд Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 119 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Энэ нь өмнөх оныхоос 32 буюу 21.2 хувиар буурсан байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 69 ашигтай загварт гэрчилгээ олгосныг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулж үзэхэд 44 буюу 38.9 хувиар буурч харин өмнөх сартай харьцуулахад 6-гаар буюу 2 дахин өссөн байна.


Энэ оны эхний 6 сард Оюуны өмчийн газраас 202 бүтээлд патент олгоод байна. Эдгээрийн 91 нь шинэ бүтээл, 111 нь бүтээгдэхүүний загварынх байна. Өмнөх оны мөн үеэс бүтээлийн патент олголт 82 хувиар өсөж, харин бүтээгдэхүүний загварын патент олголт 3 буюу 2.6 хувиар буурчээ. Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл 35 нь хүний хэрэгцээт зүйлийг хангах патент, 30 нь хими болон төмөрлөгийн салбарын, 16 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа болон тээвэрлэлттэй холбоотой патент байна. 13 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодистой холбоотой байна.

Холбоотой мэдээ