Япончуудын дийлэнх нь Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулна гэдэгт итгэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-19 15:22:13

ТОКИО. /Asahi/. Токиогийн Олимпын наадмыг Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газраас мэдэгдэж байгаачлан аюулгүй хэлбэрээр зохион байгуулж чадна гэдэгт япончуудын 68 хувь нь эргэлзэж байгааг “Asahi” сониноос явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Харин санал асуулгад оролцогчдын 21 хувь нь Засгийн газрын амлалтад итгэж буйгаа илэрхийлсэн байна.


Түүнчлэн Олимпын наадмын хүрээнд болох тэмцээнүүдийг хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эрх баригчдын шийдвэрийг санал асуулгад оролцогчдын 76 хувь нь дэмжсэн бол 17 хувь нь эсэргүүцжээ.


Энэ сарын 17-19-нд утсаар явуулсан санал асуулгад 1444 хүн оролцсон байна.


Өмнө нь “Kyodo” агентлаг мөн өөрийн явуулсан санал асуулгын дүнг танилцуулсан юм Үүнд Японы оршин суугчдын 87 хувь нь Токиогийн олимпын наадмыг зохион байгуулснаар халдварт өвчний тархалт улам нэмэгдэнэ хэмээн болгоомжилж байгаа юм.


Токиогийн Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон билээ. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм. Зуны Олимпын наадам эхлэхэд 4-хөн хоног үлдээд буй энэ үед коронавирусний нөхцөл байдал хүндэвтэр байна. Тодруулбал, нийслэл Токио хотод өдөрт илрэх тохиолдлын тоо 1000-аас давжээ. Халдварт өвчний нөхцөл байдал дордсонтой холбогдуулан эрх баригчид 7 дугаар сарын 12-ноос онц байдлын дэглэмийг дахин сунгасан юм.

Холбоотой мэдээ