"Сэлэнгэ-2021" тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-09 16:59:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хамтарсан "Сэлэнгэ-2021" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал энэ сарын 1-5-нд боллоо.


Төлөвлөлтийн хуралд Монгол Улсыг төлөөлж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ХЗЦ-ийн командлалын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн сургалтын ахлах офицер, хурандаа Т.Тогмиддүүмий, ХЗЦ-ийн Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ганбаяр, ОХУг төлөөлж Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн штабын дарга, хошууч генерал И.Б.Тимофеев, Байлдааны бэлтгэлийн тасгийн дарга, хурандаа Д.В.Прокофьев, Дорнод цэргийн тойргийн Тээврийн хангалтын удирдлагын газрын даргын орлогч А.Г.Сапов болон албаны бусад хүмүүс оролцсон байна.


Хурлаар сургууль явагдах районд ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид төмөр замаар тээвэрлэгдэн ирэх, хоёр орны цэргийн алба хаагчдын байрлах байр, цэргийн техник хадгалах хээрийн тавиулан, зэвсэг, галт хэрэглэл хадгалах байр зэргийг хэрхэн бэлтгэх, алба хаагчид өөрсдийн орон тооны зэвсэглэл, тэдгээрийн шатахуун, тосолгооны материал, буудлагын зэвсэг ба галт хэрэгсэлтэй хэрхэн үүрэг гүйцэтгэх талаарх асуудлыг тодотгов.


Мөн ОХУ-аас оролцож байгаа бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилийг нэвтэрсний дараа цэргийн цувааг бүрэн бүрэлдэхүүнээр нь саадгүй тээвэрлэх асуудлыг зохицуулахаас гадна тэдний хөдөлгөөний аюулгүй байдал, мөн хээрийн лагерийн байрлалын район, тавиулангийн харуул хамгаалалтын талаар харилцан ярилцаж, тохиролцов.


Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулахаар төлөвлөж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд ОХУ-аас тус хээрийн сургалтад оролцож байгаа бие бүрэлдэхүүн оролцох юм.

Холбоотой мэдээ