Цэргийн цагдаагийн нэгжийн бүрэлдэхүүнтэй цахим хурал зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-08 12:34:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсээс Цэргийн хүрээ /хотхон/-ний цэргийн цагдаагийн нэгжийн дарга нартай цахим хурлыг өнгөрөгч мягмар гарагт зохион байгуулсан юм.


Хуралд ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга, Цэргийн цагдаагийн дарга, дэд хурандаа Н.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Дэмжлэгийн газрын дарга, хурандаа Д.Адъяабазар нар оролцсон байна. Энэ үеэр Замын-Үүдэд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж буй ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар холбогдож зарим үүрэг, чиглэлийг өгсөн юм.




Хурлын эхэнд “Цэргийн цагдаагийн ажиллагааны журам”, албаны шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаарх сургалтыг явуулсан бөгөөд баяр, амралтын өдрүүдэд доорх чиглэлийг баримталж ажиллахыг анхааруулав.


Үүнд, Засгийн газрын шийдвэрээр  баяр наадмыг ирэх жил болтол хойшлуулсан боловч энэ сарын 10-18-нд амрах хэвээр үлдсэнтэй холбогдуулан сонор сэрэмжтэй байж, цэргийн цагдаагийн эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэлийг эрчимжүүлэхэд анхаарах, хоёроос доошгүй цэргийн алба хаагч бүрэлдэхүүнтэй эргүүл гурван ээлжээр нэгтгэл, анги, байгууллагын байрлал, албан тушаалын байр, эрсдэл бүхий объект, голын эргийн дагуу томилон үүрэг гүйцэтгүүлэх юм.




Мөн аливаа үйл ажиллагааны өмнө холбогдох заавар, чиглэл, хязгаарлалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг цэргийн цагдаагийн бүрэлдэхүүнд урьдчилан танилцуулан баталгаажуулах, Цэргийн цагдаагийн бүрэлдэхүүнийг цэргийн алба хаагч болон энгийн иргэдтэй харилцах харилцааны соёл, биеэ авч яваа байдалд ямагт зөв үлгэр дуурайл үзүүлж, цаг үеийн байдлаас шалтгаалан үүсэж болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх зэрэг үүргийг өгсөн юм.


Түүнчлэн Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ, түүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрлийн цэргийн командлалаас Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад хүргүүлсэн тушаал, заавар, чиглэл, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ