Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-07 14:23:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Санамж бичгийн хүрээнд хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ төвшинд гарч, ажилтан, алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулах, алба хаагчдыг “Глобал сургалтын хөтөлбөр”-т хамруулах, сайн дурны ажилтан томилж ажиллуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.




Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян, БНСУ-ын Засгийн газар, КОЙКА-ын 500 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар “Гамшгаас хамгаалах судалгааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2014-2015 онд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнд тус хүрээлэн нь дэлхийн жишигт нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллаж байгааг онцлоод төслийг санаачлан хэрэгжүүлсэн явдалд дахин талархсанаа илэрхийлэв.




Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба 119, Гёонги мужийн Гал, гамшгаас хамгаалах газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажилладаг юм.




Холбоотой мэдээ