Хөрш орнуудын дэмжлэгтэй Монголын вакцинжуулалт

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-07 14:00:21

ВАШИНГТОН. /Borgenmagazine/. Монгол бол Орос, Хятад гэсэн хоёр хүчирхэг гүрний дунд оршдог улс юм. Доворхог талтай, нүүдлийн соёлоороо алдартай Монгол Улс “COVID-19”-н халдвар дамжихаас 10 сар сэргийлж чаджээ. Гэсэн ч 2021 оны хавар нөхцөл байдал өөрөөр эргэж, халдварын тохиолдлын тоо өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрч өссөн байна. Эдийн засгийнх нь эмзэг байдлыг улам заналхийлэх болсон халдварын тохиолдлууд дэгдсэнээр хөрш орнууд нь Монгол Улсын Засгийн газрын вакцины уриалгыг хүлээн авч, нийгмийн эрүүл мэндийн салбарт гаргаж буй хүчин чармайлтад нь дэмжлэг үзүүлжээ. Ингэснээр вакцинжуулалт эрчимтэй эхэлсэн байна. 


COVID-19” болон түүний нөлөө Монголд

Монголын албан тушаалтнууд халдварт өвчний анхны тохиолдол илрэхээс ч өмнө үр дүн муутай эрүүл мэндийн тогтолцоонд тун болгоомжлолтой хандаж байсан юм. Үүнээс гадна Монгол Улс нь Хятад улстай хамгийн урт хуурай замаар хиллэдэг. Өдөр бүр хоёр улсын хилээр нэвтрэх хүмүүсийн цуваа тасардаггүй тул Монголын Засгийн газрын хувьд иргэдээ вирусний тархалтаас хамгаалах нь эн тэргүүнд анхаарах асуудал байв. Гэлээ ч бусад орны адил Монголд “COVID-19”-н халдварын тохиолдлууд дэгдэх болсноор үр дагавар нь хөдөлмөрийн зах зээлийн бүтцэд хүчтэй нөлөөлж, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг доргиосон юм.


Үндэсний ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр түвшинд амьдарч буй ур чадвар багатай ажилтнууд “COVID-19”-н эдийн засагт үзүүлсэн нөлөөллийн улмаас ядуурлын шугамын доор орсныг Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн шинэчилсэн тайлан харуулжээ. Гэсэн ч засгийн газраас түлхэц үзүүлэх арга хэмжээ авах замаар 2021 оны эцэс гэхэд эдийн засаг өсөж, ядуу зүдүү иргэдэд дэм болно гэдгийг тайланд мөд дурдсан байна. Үүний зэрэгцээ Монголд нэвтрүүлсэн вакцинжуулалтын хөтөлбөр эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах юм.


Эдийн засгийн уялдаа холбоо: Вакцинтай болох нь чухал ач холбогдолтой

Монгол Улс хямралын байдалтай байсан тул тус улсын гадаад хэргийн сайд Хятад, Оросоос тусламж хүсжээ. Хятад улс Монголын нүүрсний олборлолтод найдаж байсан тул вакцин хуваарилах төлөвлөгөөний эн тэргүүнд Монгол байсан юм. Тийнхүү Хятадаас Монголд Sinopharm”-ын 300 мянган тун вакцин хандивлажээ. Түүнчлэн “Спутник V” вакцинаас нэг сая тунг худалдан авахаар ОХУ-тай тохиролцсоноос хойш хэдэн хоногийн дараа Хятадын “Sinopharm”-ын вакцинаас нэмж 330 мянган тунг авахаар болжээ. Монголд вакцин хандивласан орнууд нь зөвхөн Хятад, Орос биш юм. Монгол Улстай 2015 онд стратегийн түншлэлийн харилцаатай болсон Энэтхэг улс 2021 оны 2 дугаар сард “AstraZeneca”-гийн вакцинаас 15 мянган тунг хандивласан байна. Цаашлаад “COVAX” санаачилгын хүрээнд нийлүүлсэн вакцины хандиваас гадна  худалдан авалт үргэлжилснээр вакцинжуулалтын хэмжээ гурван саяыг давжээ. Вакцины дипломат үйл ажиллагааны гадаад бодлоготой зууралдах чадварыг Монгол Улс бусад улс орон, компаниудаас үзүүлсэн дэмжлэгээр гарцаагүй батлан харуулжээ. 


Вакцинжуулалтын явц Монголд

Монголын шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18-аас дээш насны иргэн бүрийг аль болох богино хугацаанд вакцинжуулахыг зорьж байна. Энэхүү эрхэм зорилгодоо тэрбээр 7 дугаар сард хүрнэ гэж найдаж байжээ. Монгол Улсын нийт хүн амын (3.2 сая62 хувийг 18-аас дээш насныхан эзэлдэг. Тус улсад 3.788.394 тун вакцин тарьснаар вакцинд бүрэн хамрагдах иргэдийн дийлэнхийг вакцинаар хангасан гэж тооцоолох боломжтой юм.

Вакцин хийлгэсэн иргэдийн тоо их байгаа тул эдийн засгийн тогтвортой байдал дээшилнэ гэж Монгол Улс найдаж байна. 


Ард иргэдийнхээ дийлэнх хэсгийг ядуурлын шугамын доор оруулахаас сэргийлэхийн тулд Монгол Улс Орос, Хятад зэрэг хүчирхэг хөршүүдийнхээ эвслийн үр өгөөжийг ашиглажээ. Бусад улс орноос вакцин олж авснаар Монгол Улсын эдийн засаг ажиллах хүчинд нь учруулсан “COVID-19”-н гамшигт цохилтоос сэргэх боломжтой юм. Үүнээс гадна тус дээд цэгтээ хүрээд буй халдварын тохиолдлуудыг ардаа орхих боломжтой байгаа нь томоохон салбарууд, цаашлаад бусад салбар сэргэж эхлэхийн дохио байж магадгүй юм.

Холбоотой мэдээ