Монгол, Туркийн харилцаа жилээс жилд бэхжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2021-07-07 10:16:25
twitter.com/Nyamkanmk

АНКАРА. /Dailysabah/. Энэ оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. 1911 онд Манж Чин улс нуран унасны дараа Монгол шашин төрийг хослуулсан, бие даасан улс болсон билээ.


Гэвч Оросын эзэнт гүрэн болон Хятад улс 1915 оны Хиагтын гэрээгээр Монголыг автономит статустай болгожээ.


1921 онд Дамдины Сүхбаатараар ахлуулсан Монголын эх орончид хувьсгал хийж, гадны эзлэн түрэмгийлэгчдээс улс орноо чөлөөлснөөр Монгол тусгаар тогтнолоо хоёр дахь удаагаа сэргээсэн юм.


Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглав. 1945 онд Ялтын гэрээг байгуулснаар хүчирхэг холбоотнууд нь Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгчээ.


Үүний зэрэгцээ энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна.


Монголын баялаг


Газар нутгийн хувьд Зүүн Хойд Азид оршдог, парламентын засаглалтай Монгол Улс төв Азид ардчиллыг хөгжүүлсэн нь өдгөө тус бүс нутгийн “ардчиллын баян бүрд” гэж нэрлэгддэг. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийнх нь ихэнх хувийг эзэлдэг Монгол дэлхийн хамгийн их газрын баялагтай орнуудын нэг бөгөөд сүүлийн үед аялал жуулчлалын салбараа эдийн засгийн гуравдагч тулгуур болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.


Хүн амын тавны нэг хувийг эзэлдэг малчид 70 сая малтай, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн экспортолдог. Монголын бас нэгэн гол экспортын бараа нь өвлийн улиралд хамгийн тохиромжтой ноолууран бүтээгдэхүүн юм.


Монгол Улс дэлхийн боловсруулаагүй ноолуурын 60 орчим хувь, ноолууран бүтээгдэхүүний 10 хувийг нийлүүлдэг. Уул уурхайн гол түүхий эдэд нүүрс, зэс, алт, жонш зэрэг багтана.


Дэлхийн банкны мэдээллээр, Монгол Улс 2030 он гэхэд дунджаас дээгүүр орлоготой иргэд давамгайлсан нийгэмтэй, олон салбарт тогтвортой эдийн засгийн үр өгөөжтэй, дундаж орлоготой улс орнуудын эгнээнд нэгдэнэ.


Монгол Улс нь энх тайвныг эрхэмлэсэн, нээлттэй, эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт зарчимд суурилсан гадаад бодлогын үзэл баримтлалтай. Хөрш хоёр оронтойгоо найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт бол араас нь  гуравдагч хөршийн бодлого орно.


Турк Монголын харилцаа


Турк бол Монголын гуравдагч хөрш гэж тодорхойлсон таван орны нэг. Монгол Улс Туркээс бусад гуравдагч хөрш орнуудтайгаа стратегийн түншлэлийн харилцаатай. Гэхдээ манай хоёр улс удахгүй ийм харилцаатай болно гэдэгт итгэлтэй байна.


Бид улс төрийн бат бөх харилцаатай байдгаас гадна олон талт хамтын ажиллагаанд бие биедээ харилцан дэмжлэг үзүүлдэг нөхөрсөг уламжлалтай. Турк нь Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүний хувиар болон НАТО-гийн түншлэлийн хүрээнд Монгол Улстай нягт хамтран ажилладаг.


Монгол Улсын цэргийн 1000 гаруй албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол оролцдог. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх маш их боломжууд байгаа учир талууд энэ чиглэлд ач холбогдол өгөн ажиллаж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын 2500 гаруй залуус Туркийн их дээд сургуулиудад суралцаж төгссөний тал орчим хувь нь Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна. Төгсөгчдийн 60 гаруй хувь нь одоо хувийн салбарт ажилладаг. Боловсролын салбар дахь энэхүү хөрөнгө оруулалтад Монголын тал талархалтай ханддаг. Эдгээр төгсөгчид өнөөдөр хоёр орныг холбох гүүр болж байгаа юм.


Монгол болон Турк нь түүхэн болон соёлын гүн харилцаатай ахан дүүс орнууд юм. Бидний харилцаа жилээс жилд бэхжиж байгаад баяртай байна. Мөн Монгол Улс тусгаар тогтносны 100 жилийн ойн баярт Турк найзууд нэгдэж байгаад туйлын баяртай байна гэж Монгол Улсаас Туркт суугаа Элчин сайд Р.Болд бичжээ.

Холбоотой мэдээ