ОХУ үндэсний аюулгүй байдлын стратегиа шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-04 11:15:34

МОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратегийг бямба гарагт баталжээ. Ерөнхийлөгчийн зарлигийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна.


Баримт бичиг гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


Үндэсний аюулгүй байдлын стратеги нь ОХУ-ын үндэсний ашиг сонирхол, үндэсний стратегийн тэргүүлэх чиглэл, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны тогтвортой хөгжлийг урт хугацаанд хангахад чиглэсэн дотоод, гадаад бодлогод хэрэгжүүлэх зорилго, зорилт, арга хэмжээг тодорхойлсон стратегийн төлөвлөлтийн суурь баримт бичиг юм. ОХУ-ын Ерөнхийлөгч хянан засварласан өмнөх хувилбарыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталж байжээ.


Стратегийн шинэчилсэн хувилбарыг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл тавдугаар сарын сүүлчээр баталсан байна.


“Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр Оросын ард түмнийг хамгаалах, хүнээ хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, улс орны батлан ​​хамгаалах чадвар, дотоодын эв нэгдэл, нийгмийн эв нэгдлийг цаашид бэхжүүлэх, үндэсний хөгжлийн зорилгод хүрэх, улс орны өрсөлдөх чадвар, олон улсын тавцан дахь нэр хүндийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж баримт бичгийн тогтоолд дурджээ.


Геополитикийн тогтворгүй байдал, Оросын эдийн засагт дарамт үзүүлэх гэсэн оролдлогууд, мэдээллийн дайн, кибер халдлагуудыг ОХУ-д учирч буй гол аюул заналхийллээр нэрлэжээ. Энэхүү баримт бичигт мөн уламжлалт үнэт зүйл, түүхэн ой санамжийг хамгаалахын ач холбогдол, хүн ам зүйн асуудлыг яаралтай шийдвэрлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна.


Шинжээчдийн үзэж байгаагаар, шинэ стратеги нь ОХУ-ын дотоодод болон гадаадад үүсээд буй нөхцөл байдлыг хангалттай тусгасан бөгөөд голчлон улс орны бүрэн эрхт байдал, сайн сайхан байдлыг бэхжүүлэхэд чиглэгджээ.



Холбоотой мэдээ