Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-07-02 23:59:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлав.


Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ, хуралдаан даргалагчаас анхны хэлэлцүүлгийн үеэр гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хэлэлцэн, зарчмын зөрүүтэй 7 саналаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад УИХ-ын 49 гишүүн дэмжснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдана хэмээн заасан байдаг. УИХ 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байна. Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэж байв. 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувийг суллаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ. 2000 онд 14.6 хувийг суллаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан бол 2006 онд 30.8 хувийг нь сулла\ж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн байна. 2009 онд 31.9 хувь нь суллаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулж байсан, 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байсан тоон мэдээг УИХ-ын дарга дурдав.


Энэ удаагийн хуулиар 3.6 хувийг нь суллаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар төсөлд тусгасан байсан ба зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж.


УИХ-ын дарга Г.Занданшатар, "Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгаа нь хүнэлэг, энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг баримталж байгаагийн илрэл. Энэ бол энэрэнгүй ёсны хууль зүйн зарчим аж. Төр иргэндээ гэмт хэрэг үйлдсэний төлөө хуулийн дагуу ял шийтгэл оноодог, бас уучлан өршөөдөг ёсыг хэрэгжүүллээ. Хорих ялаас суллагдсан болон өршөөлд хамрагдсан нийт иргэд төрийн өршөөлийг дааж, хуулиа дээдэлж, хуулийн дор амьдрах үүрэгтэй" хэмээв.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан КОВИД-19 цар тахлын үед төр засгаас иргэний эрх чөлөөг хасах, цагдан хорих явдлыг аль болох багасгах, хорих байгууллагуудад хоригдож байгаа хоригдлуудын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон өндөр настан, суурь өвчтэй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөн уучлах уриалга гаргасан бөгөөд энэхүү уриалгыг манай улс хэрэгжүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан гэв.


Хорих анги, байгууллагуудад олон хүн байх нь КОВИД-19 цар тахал тархах нөхцөл болж, эрхээ хасуулсан ч гэлээ иргэн хүн амь насаа алдах эрсдэл үүсэж байгааг мөн харгалзсан байна. ХЭҮК-оос цар тахлын үед хорих ял эдэлж байгаа 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хүмүүсийг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, ял эдэлсэн хугацаа, хүмүүжил зэргийг харгалзан өршөөл үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх саналыг УИХ, Засгийн газарт гаргасан байна. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил гээд түүхэн тэгш ой тохиож байгааг харгалзан энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгааг онцоллоо.


Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа олон зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан байна. Үүнтэй зэрэгцүүлэн УИХ-аас дагалдан гарах тогтоолын төслийг батлана гэдгийг танилцуулсан.


Тус Байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах солих санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй аж. Уг хуулийг анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гаргаж, гишүүптйн олонх дэмжижв батлав.


Дараа нь “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Энх-Амгалан гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг олонх дэмжлээ.

Холбоотой мэдээ