Нийслэлийн хэмжээнд 2504 өрх үерийн аюултай бүсэд амьдарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-24 10:09:13

Нийслэлийн хэмжээнд 2504 өрх үерийн аюултай бүсэд амьдарч байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээлэв.

Улаанбаатар хот орчим энэ сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжилсэн усархаг борооны улмаас Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нийт 189 хашаа, гэр, байшин, зоорийн давхар  усанд автсан байна.  Мөн Туул, Сэлбэ, Улиастай голын түвшин 30-40 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрчээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Автозамын газар,  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргийн нэгж салбаруудаас нийт 180 хүн, 30 гаруй техниктэйгээр усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татах ажлыг шуурхай зохион байгуулжээ.

Ирэх саруудад их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа юм. Тиймээч өчигдөр буюу энэ сарын 23-нд болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар НОБГ-т үерийн бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, үерт  автахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх шаардлагатай ажлуудлыг төлөвлөж, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ