Билл Гейтс Америкийн хамгийн баян иргэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-09-30 15:11:44

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн баян америкчуудын жагсаалтыг “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс тэргүүлжээ. Америкийн хамгийн баян 400 хүн багтсан жил бүрийн уг жагсаалтыг тус сэтгүүлийн цахим хуудсанд мягмар гарагт нийтэлжээ.

“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, Гейтсийн хөрөнгө нэг жилийн хугацаанд 3.2 тэрбум доллароор буурч, 76 тэрбум доллар болсон байна.  Microsoft” компаниас олдог Гейтсийн орлого бараг 3 хувиар буурсан бөгөөд түүний хөрөнгийн ердөө 13 хувийг бүрдүүлдэг аж.

Жагсаалтын хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” холдингийн ерөнхий захирал Уоррен Баффетт орсон байна. Түүний хөрөнгө 62 тэрбум долларооор үнэлэгджээ. Гуравдугаарт, Америкийн программ хангамж бүтээгч “Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон  47.5 тэрбум долларын хөрөнгөөрөө бичигджээ.

Хамгийн баян америкчуудын жагсаалтын эхний аравт “Amazon.com” интернэт дэлгүүрийн ерөнхий захирал Жефф Безос болон  “Facebook” нийгмийн сүлжээний тэргүүн Марк Цукерберг орсон байна.

“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, Безос нэг жилийн хугацаанд хөрөнгөө 16.5 тэрбум доллароор нэмэгдүүлж чаджээ. Тэрбээр энэ жилийн жагсаалтад 15 дугаар байраас огцом дээшилж дөрөвдүгээрт бичигдсэн байна. Түүний хөрөнгийг “Forbes” сэтгүүл 47 тэрбум доллароор үнэлжээ. Харин 40.3 тэрбум долларын үнэлэгдэх хөрөнгөтэй Цукерберг энэ жил 10 дугаар байраас дээшилж долдугаарт орсон байна.

“Forbеs” сэтгүүлд мэдээлснээр, “Америкийн хамгийн баян иргэдийн нийт хөрөнгө 2.34 триллион доллартай тэнцжээ”.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд