Хотын дарга "Тогтвортой байдлын тухай 2021" олон улсын цахим хуралд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-14 12:24:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Олон улсын санхүүгийн корпорацын “Тогтвортой байдлын тухай 2021” олон улсын цахим хуралд оролцжээ.


Энэ удаагийн хурал Ёс зүй, тэгш хөгжил дэвшлийг дэмжих технологи, Нийгмийн ялгааг арилгах, олон нийтийн сайн сайхныг дэмжих итгэлцэл, харилцан ойлголцол, Нийгмийг илүү тэгш, чинээлэг, тэсвэр тэвчээртэй болгох өөрчлөлтүүд гэсэн сэдвээр зохион байгуулагдлаа. Улс орны төлөөлөгчид хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоход шаардлагатай технологийн манлайлал, тогтвортой байдлыг хангасан санхүүжилтийн эх үүсвэр, дижитал болон олон нийтэд ээлтэй хот, хот суурин газрын хөдөлгөөний тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.


Хурлын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын дэд бүтэц, тээврийн асуудлыг технологийн тусламжтай шийдэх, технологийн салбарт манлайлж буй энтрепренер залуусыг дэмжих талаар санал бодлоо хуваалцав.


Газар нутгийн хувьд Монгол Улс нь БНФУ-аас гурав дахин их бөгөөд 3 сая гаруй хүн амтай тул дэлхийн хамгийн сийрэг суурьшилтай улс, орны нэгд тооцогддог. Гэсэн ч хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Үүнийг дагасан хотжилт, гэр хорооллын өрхийн тоо нэмэгдэж байна. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо гэхэд энэ жил 650 мянгад хүрсэн нь нүүрстөрөгчийн ялгарал, авто зогсоолын хүрэлцээ, замын түгжрэлийг бий болгож байна.


Энэ асуудлыг шийдэхийн тулд БНХАУ, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй улс, оронд нэвтрүүлж буй зорчилт хөдөлгөөний ухаалаг шийдэлтэй танилцаж, хотын тээврийн удирдлагын тогтолцоонд дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатайг Хотын дарга онцлов.


Тэрбээр “Бид хангалттай эрчим хүч үйлдвэрлэдэг болчихвол цахилгаан автобусны систем нэвтрүүлэх боломжтой. Хотод тогтвортой нийтийн тээврийг хөгжүүлэх үүднээс 50 хувь нь цахилгаан, 50 хувь нь байгалийн хий ашигладаг хэрэгслийг нэвтрүүлж болно. Улаанбаатар хотын хувьд олон улсын жишигтэй хөл нийлүүлэн хөгжихийн тулд мэдээллийн технологид суурилсан төсөл хэрэгжүүлэхэд анхаарч, цахилгаан хангамжийг сайжруулах, нийтийн тээврийн салбарт ухаалаг, цахилгаан шийдлийг нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй, ногоон хотыг хөгжүүлэх бодлого баримталж байна” хэмээв.


Эдгээрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг төвлөрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллагын мэдлэг, туршлага хэрэгтэй. Иймд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй байгааг Засаг дарга Д.Сумъяабазар хурлын үеэр тэмдэглэсэн юм.


Цахим хуралд Ирланд Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Мэри Робинсон, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн сайн дурын элч, жүжигчин Дон Чидл, Дэлхийн Банкны Хөгжлийн бодлого, түншлэл хариуцсан захирал Мари Пангесту, Олон улсын санхүүгийн корпорацын захирал Махтар Диоп, Рокфеллер сангийн Ерөнхийлөгч Ражив Шах зэрэг төлөөлөгч оролцлоо.

Холбоотой мэдээ