Улаанбуудайн тариалалт дуусаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-14 12:21:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн баасан гаргийн байдлаар нийтдээ 460.6 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 98.6 хувьтай байв. Үүнээс:

  • улаанбуудайн тариалалт  99.2 хувь, 
  • төмс 78.6 хувь, 
  • хүнсний ногоо 63.7 хувь, 
  • малын тэжээл 20.1 хувь, 
  • тосны ургамал 99.6 хувьтай үргэлжилж байна.

Тариалалтад зориулан ХАА-г дэмжих сангаас хүсэлт гаргасан 579 иргэн,  ААН-д 12.1 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 289.4 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 25.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, ХААН, ХАС, "Голомт" банк, ХХБ, "Капитрон" банкаар дамжуулан тариалан бүхий 772 иргэн, ААН-ийн  зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 179 иргэн, аж ахуйн нэгжид 9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосноор тариалалт хэвийн явагдаж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 368.3 мянган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал,  өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийхээр зорин ажиллаж байна. 


Холбоотой мэдээ