Малчны хот руу хүрэн баавгай дайрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-08 19:40:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Хонгор сумын 2-р багийн нутаг Мухарын гол гэх газар зусч буй малчдын хот руу болон бэлчээрт байсан мал руу хүрэн баавгай дайрсан тохиолдлууд гарчээ.  Мөн Н.Алтанхутга гэх малчны бэлчээрт буй мал руу дайрч хоёр бог, нэг бод барьжээ.  

Уг дуудлага мэдээллийн дагуу сумын ЗДТГ, Цагдаагийн хэсэг холбогдох байгууллагуудтай хамтран эргүүл, хяналт шалгалт, нүүлгэн шилжүүлэлт хийх ажилд сумын Засаг даргын нөөц сангаас 4.8 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн аймгийн ОБГ-т хүний амь, мал амьтныг хамгаалах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, дүрэм журам, хууль тогтоомжийг тодорхой болгох шаардлагатай байгаа тул холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүссэн албан бичиг явуулсан талаар сумын Засаг даргын орлогч Ш.Бат-Өлзий мэдэгдлээ.

Малчин өрхүүд рүү болон хашсан мал руу баавгай дайрах тохиолдол өмнө нь Хонгор сумын нутагт гарч байсан. Тодруулбал, 2019-2021 оны хугацаанд Хонгор сумын, Нам даваа, Хүйтний гол, Яргайт, Зэдрийн булаг, Бичигт хад, Мухарын гол, Могойн гол, Хар бэлчир, Хавцал, Буурт, Номт гэх газруудад хүрэн баавгай 9 өрхийн 117 толгой бог, 6 тооны бод малыг барьж иджээ. Мөн нэг өрхийн гэрийг сүйтгэж дээрх айлуудад 18.0 сая төгрөггийн хохирол учруулсан байна.

Иймд малчид, мал бүхий болон аялал зугаалгаар явж буй иргэд хүрэн баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх, таарсан үед авах арга хэмжээний зөвлөмжтэй танилцаж, анхаарал боломжтой байхыг зөвлөж байна.

2020 онд улсын хэмжээнд 6 аймгийн 22 суманд хүрэн баавгай идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалж суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрсан 114 тохиолдол бүртгэгдсэн аж. Баавгай нь үдшийн бүрий, үүрийн харанхуйгаар хоол хүнсээ илүүтэй хайж явдаг энэ үед сонор, сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ