Конго улсад нэг өдрийн дотор 92 газар хөдлөлт бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-05-31 13:05:42

КИНШАСА. /CNN/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Ньирагонго галт уулын бүсэд сүүлийн 24 цагт 92 удаа газар хөдөлжээ. 


Хэд хэдэн удаагийн газар хөдлөлт нь хүмүүст мэдрэгдсэн бол үлдсэн чичиргээг багаж хэрэгслээр бүртгэсэн байна.


3470 метр өндөр Ньирагонго галт уул тавдугаар сарын 22-нд оргилж эхэлжээ. Галт уул оргилсны улмаас 31 хүн амиа алдсан байна. Түүнчлэн галт уулын бүсэд цуврал газар хөдлөлт болж, голомтоосоо 100 гаруй км-ийн зайд мэдрэгджээ. 


Бүс нутгийн хагарлын ан цав газар хөдлөлтийн идэвхжлийг нэмэгдүүлсээр байгааг галт уул судлаач Дарио Тедеско анхааруулсан байна. 


Одоо галт уул судлаачдын баг Ньирагонгог анхааралтай ажиглаж байгаа бөгөөд нутгийн иргэд гэртээ буцаж харихад аюулгүй эсэхийг олж мэдэхэд тэдэнд дахиад хэдэн өдөр шаардагдах аж. Өмнө нь галт уулын ойролцоох "улаан бүс" -ээс 400 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.


Холбоотой мэдээ