Х.Баттулгыг халз мэтгэлцээн дууджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 23:30:54

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очир АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатараар дамжуулан халз мэтгэлцээнд урьсан боловч хариу өгөлгүй таг чиг байгаа аж. Тиймээс Л.Элдэв-Очир дахин урилга хүргүүлж, энэ сарын 24-ний өдрийн 15 цагт Баянхонгор аймгийн телевизүүдэд халз мэтгэлцээнд оролцох санал тавьсан байна.

УИХ-ын Есдүгээр тойрогт Жаргалант, Эрдэнэцогт, Баян-Овоо сум, Галуут, Гурванбулаг, Заг, Баянхонгор сумын 3 дугаар баг /Дуурсах/, 5 дугаар баг /Цагаанчулуут/, 6 дугаар баг /Гэгээншавь/-ийн нутаг хамаарч байна. Тус тойрогт  УИХ-ын гишүүн Х.Баттулга "MCS групп"-ийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очиртой “тулах”-аар болсон нь энэ тойргийн хамгийн ширүүн өрсөлдөөн болно гэх таамгийг анхнаасаа төрүүлсэн. Хоёр нэр дэвшигчийн талаар гадуур яригдаж буй элдэв цуу яриа, гүтгэлгүүдэд цэг тавьж, иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх зорилгоор нүүр нүүрээ харан ярихыг ийнхүү хүсчээ.

Сонирхуулахад, МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очирын хувьд “Мон Стар” ХХК-д захирал, М-Си-Эс Интернэйшнл ХХК-д Дэд захирал, Спирт бал бурам ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Мөн өнгөрсөн 2012-2013 онд Монгол Улсаас Канад улсад суугаа элчин сайдын зөвлөхөөр ажиллаж, 2013 оноос MCS группын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бизнесмен юм.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ