“Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе”

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-05-26 10:13:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ “нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн зуны тэргүүн сарын шинийн 15 (билгийн улирал) буюу "Их дүйчэн" өдөр бүх нийтээр амрах  болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) өөрчилжээ. Зуны эхэн сарын шинийн 15 энэ жил  өнөөдөр (5 дугаар сарын 26) тохиож байна. Ийм болохоор бүх нийтээр амарна.


"Их дүйчэн" өдрийг ганцхан манай оронд бус бурхны шашинтай орнууд тэмдэглэдэг уламжлалтай гэнэ. Буддын шашинтнууд “Их дүйчэн” өдрийг эртнээс тэмдэглэн иржээ. Гэхдээ 1950 онд Шри Ланк улсад зохиогдсон “Дэлхийн буддистуудын холбоо”-ны анхдугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг “Их дүйчэн" өдөр гэж албан ёсоор зарлажээ. Улмаар НҮБ 1999 оноос төв байр, дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа "Их дүйчэн" өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Мөн бүх орны Засгийн газрын тэргүүнүүдэд хандан тус өдрийг бий болгох талаар НҮБ уриалжээ.


Монгол Улсын хувьд бурхны шашин дахин дэлгэрсэн 1990 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болжээ. Гэхдээ бүх нийтээр амрах эрх зүйн орчинтой болоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж  байгаа нь энэ. Амралтын өдөртэй  болоход дэлхийн нийтийн чиг хандлага нөлөөлсөн гэж шашны зүтгэлтнүүд ярих юм билээ. Түүнээс гадна судалгаа тоо баримт нөлөөлжээ. Манай улсад 134 буддын шашны сүм хийд үйл ажиллагаа явуулдаг. Хүн амын 53 хувь нь буддын шашин шүтэж байна. Бурхны шашинтнуудын онцлоод байгаа зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр бурхан багш “эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, гаслангаас ангижирсан энэ 3 давхацсан” өдөр ажээ.


Энэ өдөр  “Маанийг 1 удаа уншвал буян 3 дүнчүүр болж арвижна. Багш болон өөрийн дээдэс таалал төгссөн өдөр буян үйлдвэл живаа дүнчүүр болно. Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болно. Сар хиртсэн өдөр хийсэн буян живаа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна” гэж Банчин шагжаа ширий номложээ.


Буян үйлдэхдээ тодорхой өдрүүдэд үйлдвэл хэрхэн яаж өсөн үржих талаар  сургасан байна. Түүнээс гадна сар бүрийн шинийн 8, 14, 15, 22-ны өдөр хийсэн буян 100 дахин арвижих учиртай гэнэ. Иймээс өчүүхэн буян үйлдсэн ч үр дүн нь цаглашгүй гарна гэж үздэг. Бие, хэл, сэтгэлийн үүднээс буян үйлдэхийг хичээх нь зохимжтой гэж мэргэд сургажээ. Тэгвэл "Их дүйчэн" өдөр гэж юу вэ? 


Сүсэгтнийг “шоолж” болохгүй гэж ярьдаг. Энэ ойлголтын хүрээнд авч үзвэл “Их дүйчэн" өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон нь (бурхны шашинтнуудын хувьд) “сүсэгтний өдөр” гэж ойлгож болох юм биш үү. Тэгээд ч сүсэгтнүүдээсээ лам хуврагууд нь цөөн.Тэрхүү лам хуврагуудаас номын хутаг, гэгээрлийг олсон нь бүр цөөн. Тэдгээр цөөнөөс хамгийн төгс гэгээрч хутгыг олсон нь ганцхан  бурхан багш бус уу. Бурхан багш эхээс мэндэлсэн 37 насандаа гэгээрлийн хутгийг олж 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олжээ.


Гандантэгчинлэн хийд “Их дүйчэн” өдрийг энэ жил  “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.Тэр дагуу “сүсэгтнүүд” бүх нийтээр амарч энэ өдрийг тэмдэглэж байна гэж ойлгох боломжтой. Энэ өдөр амрахаас илүүтэй буян үйлдэх нь чухал. "Их дүйчэн" өдрийг  амьтны амь таслахгүй байх, мацаг (цагаан хоол идэх) барих гээд дандаа зөв сайн үйлдлээр ахмадууд үлгэрлэн тэмдэглэж ирсэн. Эдгээр ахас, ихсээс уламжлагдан ирсэн сайн бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд амралтын өдрийн утга учир оршино. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Сайн үйлсийг дэлгэрүүлэх болтугай.

Холбоотой мэдээ