Д.Сүхээ: Сүүлийн үед халдвар авсан хүмүүс зовуурьтай, хатгаагаар хүндрэх нь нэмэгдсэн

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-18 14:21:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээтэй цаг үеийн асуудал, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.  


-Орхон аймагт "Ковид-19" халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-"Ковид-19" цар тахал Монгол улсад анх 2020 оны 3 дугаар сарын 11-нд бүртгэгдэж, Орхон аймаг 5 дугаар сараас эхлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн 710 иргэнийг 7 тусгаарлах байраар хангаж ажилласан. Энэ үед 4 тохиолдол /зөөвөрлөгдсөн/ батлагдаж, бид Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлсэн. 11 дүгээр сарын 17-нд орон нутгаас буюу дотооддоо анх бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар 565 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ хугацаанд манай аймаг 3 хоног тэг зогсолт, 2 удаа 14 хоногийн, 1 удаа 7 хоногоор хөл хориог сунгасан. Цар тахлын эхний давлагаагаар 25 иргэн халдвар авч, тархалтыг 18 хоногт хумьж ногоон бүс болсон. Энэ голомтоос ойрын болон дам хавьтлын 2700 гаруй иргэнийг хяналтдаа авч, 400 гаруй иргэнийг тусгаарлах байранд тусгаарлаж ажилласан. Дээрх 25 тохиолдол бүгд тусгаарлалтад байгаа иргэдээс илэрсэн. Иргэдийн дундаас халдвар гараагүй. Тухайн үед манай аймаг хатуу хөл хорио тогтоосон байсан. Энэ бол бидний ажилд маш их дэм болсон. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол хүн амын дунд халдвар тархах, халдварын тоо нэмэгдэх, голомтоо хумих тал дээр нэлээн хүндрэл учрах байсан.


... Цар тахлын эхний давлагаагаар 25 иргэн халдвар авч, тархалтыг 18 хоногт хумьж НОГООН БҮС болсон. Энэ голомтоос ойрын болон дам хавьтлын 2700 гаруй иргэнийг хяналтдаа авч, 400 гаруй иргэнийг тусгаарлах байранд тусгаарлаж ажилласан.


Халдварын хоёр дахь давлагаа эхэлснээс хойш 49 хоног үргэлжилж 540 иргэн халдвар авч, 467 иргэн эдгэрээд байна. Хөл хорио тогтоосноор, 7 хоногийн халдварын гаралтыг 101-ээс 71 болтол бууруулж чадсан. Энэ голомт 86 хүнийг хамарсан маш том голомт байсан. Одоогоор энэ голомтоос нэмж өвчлөл гараагүй байна.

-Сүүлд авсан мэдээллээр манай аймагт 20 орчим голомт байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр голомтуудын цар хүрээ хэрхэн хумигдсан бэ? Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хоёр дахь давлагаа эхний давалгааг бодвол өргөн хүрээтэй, олон голомттой хүн амын дунд нэлээн тархсан байх магадлалтай байсан. Энэ хугацаанд бид 25 голомтыг олж илрүүлсэн. Зургаан голомтыг өнөөдрийн байдлаар хаагаад байна. Идэвхтэй байгаа 12 голомт байна. Идэвхгүй байгаа 7 голомтыг хяналтдаа авч ажиллаж байна. Хоёр дахь дэгдэлт гарахад бид 3 удаа хөл хорио тогтоох саналыг аймгийн Онцгой комисст хүргүүлсэн. Ингээд хөл хорио тогтоож, тандалт шинжилгээг 2 чиглэлээр хийсэн. Нэгдүгээрт, эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтнуудаа тандсан. Хоёрдугаарт, эрсдэлт бүлгийн хүмүүс, худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллагсад, хязгаарлагдмал бүсэд байдаг иргэдийг тандсан. Энэ тандалт судалгаагаар халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Үүний дараа бид тандалтын арга барилыг өөрчилж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийг хамруулсан. Эндээс бид нэлээд том голомтыг илрүүлж тогтоосон. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа хоёр иргэнээс халдвар илэрсэн.

-Манай аймаг бусад аймгаас түрүүлж вируслогийн лабораторитой болсон нь халдвар илрүүлэх, хумих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад илүү дөхөм болсон санагдсан.  

-Төмөр замын ажиллагсадтай холбоотой анхны голомт бүртгэгдэхэд бид вируслогийн лаборатори байгуулах бэлтгэл ажил хийж, Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шинжилгээгээ илгээж хариугаа 1-2 хоног хүлээж байлаа.  Харин одоо вируслогийн 3 лабораторитой болсон. Тухайлбал, БОЭТ-д нэг, Нийгмийн эрүүл мэндийн төвд нэг,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт цогцолбор”-т нэгийг байгуулсан. Ингэснээр нэг өдөрт хийх шинжилгээний тоог 3-4 дахин нэмэгдүүлж, 800-1000 шинжилгээ хийх боломж бүрдсэн. Цар тахал бүртгэгдсэнээс хойш давхардсан тоогоор 138 мянга гаруй шинжилгээ хийсэн байна. Үүний 88278 нь түргэвчилсэн, 50354 нь PCR шинжилгээ байна. Одоогийн байдлаар явуулын шинжилгээний 15 цэг ажиллаж байгаа.

-Манай аймаг 9 удаа вакцины татан авалт хийсэн. Дархлаажуулалтаараа улсдаа дээгүүр үзүүлэлттэй байгаа.  Нийт хэдэн тун вакцин хамрагдав?

-2021 оны 3 дугаар сарын 24-нд хоёр дахь давлагааны эхний тохиолдол батлагдсан. Бид дархлаажуулалтын ажлаа орон нутгаас хамгийн эхэнд буюу 3 дугаар сарын 26-ны өдөр эхлүүлсэн. Үүнээс хойш вакциныг үе шаттайгаар татаж авсан. Нийт 93 мянган тун вакцин татан авч, 70 мянга гаруй хүнийг дархлаажуулсан. Өнөөдрийн байдлаар эхний тунд нийт иргэдийн 76 орчим хувь, хоёр дахь тунд 26 орчим хувийг хамруулаад байна. Өдөрт 1000 орчим иргэн вакцинд хамрагдаж байна. Цахим сүлжээгээр вакцины талаар худал мэдээлэл тарсан, мөн спутник, файзер вакцин хүлээсэн иргэдээс шалтгаалан вакцинжуулалтын ажил удааширсан. Одоогийн байдлаар 15 мянга орчим иргэн дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Үүнд эрүүл мэндийн шалтгаантай эсрэг заалттай, бусад аймагт зорчиж байгаа, өөр газар дархлаажуулалтад хамрагдсан иргэд байгаа.

-Хөл хорио суларснаас хойш гарах эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ? Цаашдын төлөвлөгөөний талаар?

-Хөл хориог бид үе шаттайгаар сулруулж байгаа. Цаашид өвчлөлийн тоо, нас баралтын тоо нэмэгдэх тохиолдолд дахин хөл хорио тогтоох асуудал хөндөгдөх байх. Аймгийн хэмжээнд нийт эрүүл мэндийн 7 байгууллага, 3 сургуулийн дотуур байр, 2 зочид буудлын гээд нийт 700 гаруй ор бэлдсэн. Энэ нөхцөлд шаардлагатай нөөцийн судалгаа, шаардлагатай хүний нөөцийг бэлдсэн. Мөн хариу арга хэмжээний баг, тусгаарлах эмнэлэгт ажиллах хүмүүсийн давтан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

-Цар тахал, хөл хориотой холбоотойгоор өвчтөн, эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын сэтгэл зүйн асуудал хөндөгдөж байна. Голомтод үүрэг гүйцэтгэж байгаа ажиллагсдынхаа сэтгэл зүйн байдалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? 

-Эрүүл мэндийн газар 11 чиглэлээр баг томилсон. Энэ бүрэлдэхүүнд сэтгэл зүйн баг багтсан. Энэ баг эрүүл мэндийн ажиллагсад болон халдвар аваад эмчлүүлж байгаа иргэд, нийт хүн ам руу чиглэж үйл ажиллагаагаа явуулж байна.

-Халдвартын тасагт болон хүүхдийн тасагт хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа вэ?

-Цар тахлын эхний үед хүмүүсийн биеийн байдал хөнгөн байсан. Сүүлийн үед батлагдаж байгаа тохиолдлууд шинж тэмдэгтэй, зовуурьтай, хатгаагаар хүндрэх нь нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 105 хүн халдвартын тасаг, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн 15 нь хүндэвтэр, 2 хүний биеийн байдал хүнд байгаа. Төрөх дөхсөн нэг эх халдвар авч эмчлүүлэх явцдаа төрсөн. Эх нярайн биеийн байдал сайн, хэвийн байгаа.

-Тусгаарлалтад байгаа иргэдээ хэрхэн хянаж байгаа вэ?

-Ойрын ба дам хавьтал, голомтот бүс нутгаас ирсэн иргэдээ хянах зорилгоор CTR системийг ашиглаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт 45 хүнийг энэ программын тусламжтайгаар илрүүлж, арга хэмжээ авсан. Дэглэм зөрчсөн хүмүүсийн гэрийн хаалгыг нь лацдах, тэмдэгжүүлэх ажлыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран хийж байна. Мөн иргэддээ хандаж вакциндаа хамрагдаарай гэж хэлмээр байна. Вакцин бол 3 гол ач холбогдолтой. Халдвар авахаас сэргийлнэ, халдвар авсан тохиолдолд хүндрэхгүй, нас баралтаас 100 хувь сэргийлнэ. Тиймээс дархлаажуулалтад богино хугацаанд бүх иргэнээ хамруулах юм бол хэвийн амьдралын хэв маягт шилжих бүрэн боломжтой юм.

-Ярилцсанд баярлалаа.  

Холбоотой мэдээ