Үнэ өсөж орлого буурсан нь ядуурал нэмэгдэх эрсдэл дагуулж байна

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-05-25 19:50:12

Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ, ялангуяа хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнийг олон талын шалтгаантай гэж иргэд олон нийт болон судлаачид үзэж байна. Үнийн өсөлт, мөнгөний үнэгүйдлийн эсрэг байх нь төрийн үүрэг гэж үздэг. Өрхийн бодит, тогтмол орлогыг нэмэгдүүлэхийн оронд халамж, тэтгэмж хэлбэрээр нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгох нь эдийн засагт хохирол дагуулдаг. Гэтэл энэ зарчмыг үл харгалзсан олон удаагийн мөнгөн дэмжлэг дээрх асуудалд голлох нөлөө үзүүллээ гэж олон нийтийн зүгээс үзэх хэсэг байгаа юм. Харин судлаач ажиглагчдын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ бол эдийн засгийн дотоод эрэлтийг тэтгэхэд сайн нөлөөтэй зүйл гэж дүгнэж байна.


Хэдийгээр улсын төсөвт асар их дарамт учирч байгаа ч иргэдийн орлогыг дэмжих, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох, төрийн зарим үйлчилгээний үнийг хөнгөлөх зэрэг нь доогуур орлоготой өрхүүд болон нэгэнт цар тахлын нөлөөгөөр цалин орлого буурсан өрхүүдэд төр анхаарлаа хандуулах үүргийнхээ хүрээнд хийж байгаа алхам гэж ч үзэх талтай. Харин ч энэ мэт арга хэмжээ нь ирэх жилүүдийн эдийн засгийн сэргэлтэд сайн нөлөө үзүүлэх магадлалыг бий болгож байгаа хэрэг гэж Дэлхийн банкны зүгээс үзэж байгаа юм. Ташрамд дурьдахад тус байгууллагаас, хэрэв хөдөө аж ахуйн салбарт цаг агаарын хүндрэл учрахгүй, цар тахлын нөлөөгөөр урт удаан хугацааны хөл хорио тогтоохгүй бол өнгөрсөн онд 5.3 хувиар агшаад байсан Монголын эдийн засаг 2021 онд сэргэж 6.8 хувиар өснө гэж өөдрөг төсөөлсөн байна.

 

Олон нийтийг бухимдуулсан үнийн өсөлтөд юу нөлөөлсөн байж болохыг мэргэжлийнхэн олон талаас нь тайлбарлаж байгаа юм. Үнийн өсөлтийг тогтвортой хэмжээнд барих оновчтой хувилбарыг төрийн зохицуулалтаар зах зээлийн ухамсарт харилцаан дээр тулгуурлан шийдвэрлэдэг гэх ойлголт байдаг байна. Гэвч төрийн бодлого тогтворгүй, зах зээлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин төлөвшөөгүй, үүнийг хэрхэн зохицуулах ухаалаг засаглалыг эрж хайж байгаа манай улсын хувьд мөнгөний үнэгүйдлээс үүсэх хохирлыг олон нийт амссаар байгаа юм.


Мөн ковидын нөлөө гэхээсээ илүүтэй зах зээлийн буруу хандлага, өөрөөр хэлбэл, худалдаа эрхлэгчдийн зах зээлийн харилцаанд хэт сахилга батгүйгээр оролцдог байдал манай улсын хувьд үнийн өсөлтөд байнга нөлөөлж байдаг. Үүнээс гадна улс төрийн үйл явц, сонгуулийн нөлөөгөөр оруулж ирдэг бэлэн мөнгөний урсгал, бараа бүтээгдэхүүний импортоос хамаарах байдал ч ихээхэн хор учруулдаг байна.

  

Сүүлийн гурван жилийн хугацаанд л зөвхөн хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ 39 хувиар өссөн тухай мэдээ судалгааны байгууллагын тайланд байна. Ердөө 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад  5.6 хувиар өсчээ. Энэ өсөлтийн голлох шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт. Цөөн тооны бараа үйлчилгээний үнэ нэмэгдэх нь инфляцид нөлөөлөхгүй ч энэ байдал урт удаан хугацааны туршид үргэлжилбэл нөлөө үзүүлэх уршигтай. Тэгэхээр манайд байнгын өсөлттэй байдаг хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ инфляцид тасралтгүй нөлөөлж байдаг гэсэн үг. Өнгөрсөн нэг жилд бий болоод байгаа харьцангуй өндөр үнийн өсөлтөд урд хойд хоёр хөрш улстай хийх худалдаа, импортын урсгал саарсан нь ихээхэн нөлөөлсөн.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны эхний улирлын судалгаагаар манай улсын нэг өрхийн сарын нийт орлого 1,5 сая төгрөг байна. Энэ тоо бол өмнөх оны мөн үеийнхээс дөрөв орчим хувиар буюу 58,6 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Цалин орлого нэмэгдээгүйгээр барахгүй, ковидын нөлөөгөөр зарим салбарынхны орлого буурсан энэ үед өдөр тутамд өссөөр байгаа бараа бүтээгдэхүүний үнэ дарамт болж байна. Үүнийг дагаж иргэдийн худалдан авах чадвар илт буурсан, мөн ядуурлын түвшин илүү нэмэгдэх эрсдэл ч ойрхон байна. 

 

Засгийн газрын хувьд цар тахлын үеийг давах олон хувилбар арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь иргэдэд олгож буй мөнгөн дэмжлэг. Халамж дэмжлэг маягаар их хэмжээний мөнгө тараах нь эдийн засагт эрсдэл дагуулах сөрөг нөлөөтэй ч хүнд нөхцлийг даван туулахад иргэддээ дэмжлэг үзүүлэхээс өөр аргагүй юм. Дэлхийн улс орнуудад ч ковидын нөлөөгөөр иргэдийнхээ амьжиргааг дордуулахгүй байх, даван гарахад туслах энэ мэт аргуудыг хэрэглэж байгаа.


Харин манайд орлогын хэмжээ нэмэгдсэн ч түүнээс давсан үнийн өсөлт худалдан авагчдын нуруун дээр ирдэг ужгирсан хандлага байдаг. Энэхүү шударга бус байдалд дасал болох нь асар хор уршигтай. Тухайлбал, үнэ өөрчлөлтийн үеийн хандлага, санхүүгийн дарамтыг тэсвэрлэх, зах зээлийн хуулийг илт зөрчиж нэмэгдэж байгаа өсөлтийг хязгаарлахад анхаарлаа хандуулахгүй байх нь урт хугацаандаа муу үр дагавраа үзүүлдэг. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээсэн Төв банкны бодлогын тохируулга, үнийн өсөлттэй тэмцэх оролдлого нь зах зээлийн сахилга батгүй гаж тогтолцоог давж үйлчилж чаддаггүйгээс нэгэнт өссөн үнийг дахин зохицуулах орчин бүрддэггүй байна.


Үнийн хөөрөгдөлд нийлүүлэлтийн асуудал ихээхэн нөлөөтэй. Үүний дээр бараа бүтээгдэхүүн импортлогчдын зах зээлд шударга бус, хяналтаас гадуур, хуйвалдах замаар оролцдог байдал ч багагүй төвөг учруулдаг байна. Шударга өрсөлдөөнийг хянах, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг /ШӨХТГ/ дээр дурдсан гажиг тогтолцоонд хяналт тавихад хүч мөхөсддөгөө ч илэрхийлдэг.


Гэхдээ одоогоор үүсээд байгаа хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг хязгаарлахад учраад буй төвөгтэй байдал нь нийлүүлэлт. Нийлүүлэлт хэвийн үед үнэ өсөх нь дотоод дахь гажиг тогтолцоо гэж үздэг. Ийм байдал манайд газар авснаар барахгүй эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хор хохирлоо үзүүлсээр байдаг. Харин энэ удаагийн өсөлтийг тээвэрлэлтийн компаниудаас эхлэн хүнс импортлогчид мөн Хүнс хөдөө аж ахуйн яам хүртэл хамтарч нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байж тогтоон барих шаардлагатай байгаа юм. 

Холбоотой мэдээ