Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын иргэдэд Оюутолгой төсөл хүртээмжтэй байх чиглэлд ажиллана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-10 14:41:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Өмнөх Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг энэ оны долоодугаар сарын 1 хүртэл татвараа төлөхгүй байж болно гэж шийдсэн. Одоо бол аж ахуйн нэгжүүдийн татвар ихээр хуримтлагдсан байгаа. Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулах ажил төлөвлөж байгаа юу?


-Долоодугаар сарын 1-нээс зөвхөн татвартай холбоотой асуудал бус тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө гээд бүх шийдвэр хэрэгжиж дуусна. Бид үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Цар тахлын нөлөө арилахгүй бол дээрх шийдвэрийг он дуустал сунгахаар төлөвлөж байгаа. Гэхдээ энэ шийдвэр төсөвт асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй. Бидний тооцож байгаагаар вакцинжуулалт амжилттай дуусаж, эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж эхэлбэл бид энэ шийдвэрээс үе шаттай татгалзана. Үүнийг цар тахлын тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд болон эдийн засгийн үзүүлэлттэй уялдуулж тооцно.


-Оюутолгой төслийн хэлэлцээрийн ажлын багт өөрчлөлт хийх үү?


-Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээр явж байгаа. Бид арбитрт сөрөг нэхэмжлэл гаргасан. Монгол Улс анх удаа 1.1 их наяд төгрөгийн татварын орлого оруулж ирэн, иргэдэд 300 мянган төгрөгийн дэмжлэг болгон олголоо. Энэ бол бэлэн мөнгө тараах гэдэг агуулгаараа бус хэт хумигдсан зах зээлд бэлэн мөнгө гаргаж, иргэдийн амьжиргааг дэмжсэн нь илүү чухал. Хэрэв бид энэ мөнгийг иргэдэд олгоогүй бол 26 хоног хөл хорио тогтоож чадахгүй байсан. Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тоо буурахгүй байсан. Тиймээс амаргүй нөхцөл байдалд стратегийн гол алхам хийсэн.

Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээр үргэлжилж байгаа. Цаашдаа удаан хугацаанд үргэлжлэнэ. УИХ дээр хамтарсан ажлын баг гарсан бөгөөд бид УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж байгаа. Засгийн газар энэ хүрээнд ажиллана. Ажлын багийн гишүүдийн ярьж байгаа зүйлс дунд зөв зүйл их бий. 80-90 хувь нь зөв. Жишээлбэл, Дубайн гэрээтэй холбоотой баримт бичиг. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг бол нэг тусдаа асуудал.

Бид далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёстой. Ингэж байж эдийн засаг тэлнэ. Гагцхүү энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохдоо 4.3, 4.4, 4.5, 4.6, 5.5 а, б, в, 7.1 гээд татварын буулт хийсэн заалт бий. Сая 1.1 их наяд төгрөг орж ирсэн. Энэ хэмжээний алдагдал гардаг гэсэн үг шүү дээ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нэрийн дор ийм хэмжээний хохирол бий болгож байгаа нь л Монгол Улсын эрх ашигт нийцээгүй юм гэдэг агуулгаар энэхүү хэлэлцээр үргэлжилж байгаа. Цаашдаа хөрөнгө оруулагч талтай харилцан ярилцаад, далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орж, Оюутолгой төсөл Монгол Улсын иргэдэд хүртээмжтэй байх чиглэлд ажиллана. Энэ бол Засгийн газрын хийж үлдээх том ажил гэж харж байгаа.


-Оюутолгой төслийн хэлэлцээр хэзээ үр дүнд хүрэх вэ?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төслийн гэрээг сайжруулж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нь ойрын зорилт. Энэ төсөл эдийн засагт туйлын чухал нөлөөтэй тул чадах бүх зүйлээ хийнэ.


-Иргэд Засгийн газраас ёс зүй, хариуцлага шаардаж байгаа. Засгийн газрын гишүүд хариуцлага алдсан тухай шүүмжлэл нийгэмд гарсан. Та танхимын гишүүддээ хариуцлага тооцох уу?


-Хариуцлагатай холбоотой асуудлыг ярьж байгаа. Гэхдээ шат шатандаа хариуцлага тооцдог тогтолцоо руу Монгол Улс явах ёстой. Жишээ нь, өмнөх Засгийн газар дээр шууд Шадар сайдын хариуцах ажил байсан гэж би боддоггүй. Тэр бол "Өргөө" амаржих газартай холбоотой, тухайн салбарын менежерийн асуудал. Мэдээж хариуцлага хүлээж байгаа нь зөв. Гэхдээ асуудалд наанатай цаанатай хандах ёстой гэсэн хувь хүний байр суурьтай. Цэргийн ам нас эрсдэж байгаа тул туйлын эмгэнэлтэй зүйл мөн. Гэхдээ нэг цэрэг дээр эрсдэл үүссэн тохиолдол бүрд Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Дэлхийн хаана  ч ийм улс байхгүй. Бид бол геополитикийн хувьд туйлын эмзэг. Тиймээс Засгийн газар, сайд нь хөнгөн, “үлээхэд унах” хэмжээнд байж болохгүй. Тиймээс би сайд нарт алдаатай холбоотой асуудлаар нь сануулсан. Харин авлигалтай холбоотой асуудал үүсвэл би шууд захирамж гаргана. Үүнийг би Засгийн газрын хуралдааны эхний өдөр хэлсэн. Алдаа гаргавал эхлээд амаар сануулна, сануулах захидал өгнө, дараа нь хална. Энэ зарчмаар цаашдаа явах ёстой.

Холбоотой мэдээ