Ялалтын баярын парадад алхах Монголын цэргүүд нэгдсэн бэлтгэлд оролцжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-08 10:05:27

УЛААН-ҮД. /Baikal-daily/. ОХУ-ын Буриад Улсын нийслэл хотод болох Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид анх удаа оролцох гэж байна. Энэ тухай Дорнод цэргийн тойргийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Иван Тараев мэдэгдэв.


Монголын цэргийн төлөөлөгчид Улаан-Үд хотод хүрэлцэн ирж, Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэлд оролцжээ.


Тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Буриад улсын нийслэлд болох цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэл оролцох аж.


Цэргийн парад олон зориулалттай Су-30СМ сөнөөгч онгоцууд болон Су-25 «Грач» дайрагч онгоцуудын үзүүлэх нислэгээр өндөрлөнө.


ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ.

Холбоотой мэдээ