Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асныг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-13 09:26:33

СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг хувьцааны үнийн манипуляц хийхэд оролцсон, сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан баривчилжээ. Ингэснээр Ким Кён Хи болон түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль нар нэгэн зэрэг баривчлагдсан анхны ерөнхийлөгч асны гэр бүл болжээ


Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, Улс төрийн сангийн тухай хууль болон зуучлах зорилгоор авлига авахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэргээр тусгай прокурор Мин Жун Кигийн баг хүсэлт гаргасны дараа Сөүл хотын төв дүүргийн шүүх "нотлох баримтыг устгаж болзошгүй" гэж үзэн Ким Кён Хиг мягмар гаргийн орой баривчлах тушаал гаргасан байна.


Түүнийг баривчлахын өмнө буюу мягмар гарагт болсон хуралдааны үеэр тусгай прокурорууд нотлох баримтыг устгах эрсдэлтэй байгааг онцолсон бол өмгөөлөгчид нь "мөрдөн байцаалтын явцад хамтран ажилласан, биеийн байдал нь тааруу байгаа" гэж мэдэгджээ.


Ким Кён Хи 2009-2012 онд Өмнөд Солонгос дахь BMW-ийн дилер Deutsch Motors-ын хувьцааны үнийг өөрчлөх хуйвалдаанд оролцсон, 2022 оны парламентын нөхөн сонгууль болон 2024 оны бүх нийтийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад хөндлөнгөөс оролцсон, бизнесийн давуу тал олгосныхоо хариуд Эв нэгдлийн сүмээс нэгэн бөөгөөр дамжуулан тансаг бэлгүүд авсан хэргүүдэд буруутгагдаж байгаа юм.


Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт тусгай прокурорын багт байцаалт өгөх үеэрээ уучлалт хүсэж, "хүмүүсийн санааг зовоосон хэн ч биш нэгэн” хэмээн өөрийгөө тодорхойлж байжээ. Харин мөрдөн байцаалтын үеэр өөрийг нь буруутгаж буй бүх хэргийг үгүйсгэн няцаасан байна.


Тусгай прокурорын мөрдөн байцаалтын ажиллагааны дүнд тэргүүн хатагтай асныг нийт 16 эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд үүний дотор хурдны замын эцсийн цэгийг Сөүлээс зүүн зүгт орших Янпён дахь гэр бүлийнхээ газар эзэмшилд хүргэж өөрчилсөн, мөн түүний гэр бүл тус хот дахь орон сууцны барилгын төслөөс давуу эрх олж авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.


Ким Кён Хиг анх нийслэлээс өмнө зүгт орших Уйван дахь Сөүлийн цагдан хорих төвд аваачихаар төлөвлөж байсан боловч тусгай прокурорууд Сөүлийн өмнөд хорих төвд хорих хүсэлт гаргасныг  шүүх хүлээн авсан байна.



Холбоотой мэдээ