Хятад навигацийн 20 дахь хиймэл дагуулыг тойрог замд оруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-09-30 12:04:45

БЭЭЖИН. /TASS/. “Beidou” үндэсний навигацийн системийн 20 дахь хиймэл дагуулаа Хятад улс  “Changzheng-3В” зөөгч пуужингийн тусламжтайгаар тойрог замд амжилттай оруулжээ. Уг зөөгч пуужинг тус улсын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөсөн байна. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээллээ.

Тус телевизийн мэдээлснээр, шинэ үеийн уг хиймэл дагуулд устөрөгчийн атомын цагуудыг суурилуулсан байна. Хөөргөсний дараа энэ цагуудыг болон навигацийн дохио дамжуулах шинэ системийг туршихаар төлөвлөжээ.

Бүс нутгийн хиймэл дагуулын навигацийн систем болох “Beidou”-г хятадууд 2000 оноос тойрог замд оруулж эхэлсэн байна.

Уг системээр Хятад болон тус улсын хөрш орнуудын, мөн Ази, Номхон далайн бүс нутгийн зарим нутаг дэвсгэрийн газарзүйн солбицлыг тодорхойлдог аж. “Beidou”-г 2012 оноос арилжааны зориулалтаар ашиглаж эхэлжээ.

Хятадууд “Beidou” навигацийн хиймэл дагуулынхаа тоог 2020 он гэхэд 35-д хүргэж, дэлхийн навигацийн систем болгохоор төлөвлөж байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд