70 саяын зээлээс 4 тэрбумын хөрөнгийг босгосон түүх

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-04-21 19:17:48
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Далан сая төгрөгийн зээлээр эхлүүлсэн бизнесээ 7 жилийн дотор 4 тэрбумын үнэлгээнд хүргэж, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, MCS зэрэг Монголын толгой копманиудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг “Анд энерги” компанийн түүхийг та мэдэх үү?

2011 онд санаа нийлсэн дөрвөн найз Барс, Мөнхбаяр, Гүррагчаа, Түвшин нар нэгдэн “Анд энерги” ХХК-аа байгуулснаар энэ түүхийн эхлэл тавигджээ.

Үүсгэн байгуулагчдын нэг болох ерөнхий инженер Т.Барсын замналаар “Анд энерги” компани хэрхэн энэ өндөрлөгт хүрсэн түүхийг өгүүлье.

Төмөрбатын Барс гэж хэн бэ?

Тэрээр  ОХУ-ын Новосибирск хотод төрсөн, хүүхэд насаа Дархан-Уул аймгийн Шарын гол суманд өнгөрүүлсэн. Инженер болох мөрөөдөлдөө хөтлөгдөж ШУТИС-ийг уул уурхайн цахилгааны инженерээр төгсөөд, ажлын гараагаа “Эрдэнэт үйлвэр”-ийн цахилгаан бутлуур, автоматжуулалтын цехээс эхлүүлжээ. Чухам энд л тэрээр цаашдын зам мөр нийлж, их бүтээн байгуулалтад хамтрах найзуудтайгаа танилцаж, мэргэжлийн нарийн ур чадварыг эзэмшихээс гадна зан чанарын хувьд зөв хүн болох төлөвшлийг тухайн үеийн чадварлаг, шилдэг инженерүүдээс суралцсан гэдэг.


САНАА БА ХӨРӨНГӨ БОСГОЛТ

                                       /Бидэнд чадвар байхад өөрсдөө яагаад үйлдвэрлэж болохгүй гэж/

Үйлдвэрээс төрсөн Мэргэжлийн нарийн ур чадвартай, санаа нэгдсэн дөрвөн найз 2011 онд компаниа байгуулснаар гудамж талбай, сууц өмчлөгчдийн холбоодын гэрэлтүүлгийн ажлыг хийж эхэлсэн байна. Энэ явцад импортын гэрлүүд нь амархан шатдаг, чанар муу болохыг анзаарч “Бидэнд чадвар байхад өөрсдөө яагаад гэрэл үйлдвэрлэж болохгүй гэж” гэсэн бодол төржээ. Монгол Улс гэрэл, чийдэнгийн хангамжаа 100 хувь импортоор авдаг нь энэ салбар нээлттэй зах зээл, боломж болохыг тэд харж, 2013 онд энэ санаагаа бодит биелэл болгохоор шулуудсан гэдэг. Ингээд  туршлагатай эрхмүүдтэй санал солилцоход:


“Наадах чинь бүтэхгүй санаа. Томчуудын шахааны бизнес болчихсон. Энэ салбарт битгий ор” гэж зөвлөж байжээ. 

Залуучууд зорилгоосоо няцсангүй. Зориг шулуудаад урд хөрш рүү технологи судлахаар явжээ. Ингэхдээ гэрэл үйлдвэрлэе, туршлага судалъя гэж хэлбэл зөвшөөрөхгүй тул гэрэл худалдаж авъя гэх нэрээр үйлдвэрлэлийн процесстой танилцаад ирсэн байна. Ингээд гэрэл үйлдвэрлэх бүрэн итгэл сууж үйлдвэрээ барих гэсэн боловч тэдэнд хөрөнгө оруулагч, мөнгө байсангүй. Тухайн үед хамгийн бага хүүтэй, урт хугацаатай зээл нь орон сууцны ипотекийн 8 хувийн зээл байсан учраас тэр зээлийг авахын тулд өөр хоорондоо байраа зарах нэрээр нийт 70 сая төгрөгийн зээл авчээ. Уг зээлээрээ хоёр нь тоног төхөөрөмжөө авчрахаар  /Мөнхбаяр Түвшин/  БНХАУ-ыг зорьж, хоёр нь үйлдвэрээ барихаар /Барс Түвшин/ Эрдэнэтдээ үлдсэн байна. Тоног төхөөрөмжөө авчирч, үйлдвэрийн байраа эхлүүлж чадсан ч барьж дуусаагүй байхад мөнгө нь дуусчихаж.  Ахиад л мөнгөний асуудалтай тулгарсан тэд танилаараа дамжуулан Төв аймгийн Заамар сумын Сув багийн гэрэлтүүлгийн ажлыг 35 сая төгрөгөөр гүйцэтгэж, энэ мөнгөө үйлдвэрээ барьж дуусгахад зарцуулжээ. Бүтэн жил үргэлжилсэн бүтээн байгуулалтын ажил сая дуусч,  Эрдэнэтдээ төдийгүй Монгол Улсын анхны лед гэрлийн үйлдвэрээ 2014 онд ашиглалтад орууллаа.

ЭХЛЭЛ БА БЭРХШЭЭЛ

Тэдний бэрхшээл ингээд дууссангүй. Анхны үйлдвэрлэсэн лед гэрлүүд нь амархан шатчихаад тэдний тавьсан стандарт шалгуурт огт нийцэхгүй байв. Маш өндөр эрсдэлийг үүрч байгуулсан учраас сэтгэлээр их унаж байсан ч сайжруулж чаджээ. Тэдний анхны том захиалга нь катодын зэс үйлдвэрлэлийн Эрдмин үйлдвэр байв. Гэрлийн үйлдвэр байгуулсан цагаасаа хойш “Эрдмин” үйлдвэрийн кабелийн зэс утсыг үйлдвэрлэлдээ ашигласан учраас тэдэнд хамтрахад дөхөм байсан юм. Тус үйлдвэрийн гэрэлтүүлгийн ажлыг хийгээд удаагүй байхад бараг тал гэрэл нь шатчихсан гэдэг мэдээг авч. Тэдний онцлог нь эргэх холбоотойгоор засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг, баталгаа өгдөг учраас эргээд засч өгөөд л байж.  Гэрэл үйлдвэрлэхийн хэрээр тэдний туршлага ч  тэр, бүтээгдэхүүн ч тэр сайжирч чанарыг амалж чадахаар  хэмжээнд хүрчээ. 


САЙЖРУУЛАЛТ БА СОНГОЛТ

Тэдний үйлдвэрээ нээсэн он цагтай давхцаж ижил үйл ажиллагаатай үйлдвэр ашиглалтад орох мэдээ дуулдсан нь тэд юугаараа ялгарах вэ гэдгээ гаргаж ирэх бас нэг давах ёстой даваа, туулах ёстой бэрхшээл байв.Тэдний үндсэн мэргэжил нь цахилгаан тоног төхөөрөмжийн инженерүүд учраас гэрэл үйлдвэрлэхээс гадна нарийн мэргэжил, ур чадвар шаардлагатай  үйлдвэрийн автоматжуулалтын ажлыг хийж эхэлсэн нь цааш үйлдвэрээ амжилттай авч явах бас нэг суурь болжээ.

Эрдэнэт үйлдвэрт ажилд орох нь Эрдэнэтэд амьдардаг хүн бүрийн мөрөөдөл, нэр төр, амьдралын баталгаа байсан бол тэдний хувьд эсрэгээрээ  байв. Ажлын хажуугаар үйлдвэрлэл эрхлэх нь цаг хугацааны хувьд ч, бүтээмжийн хувьд ч тэдний  хүлээлтэд хүрч чадахгүй байсан учраас баталгаатай ажлын байр эсвэл ирээдүй нь тодорхойгүй шинэ бизнесээ үргэлжлүүлэх хоёрын аль нэгийг сонгох чухал шийдвэрлэх мөчид тулгарчээ. Ингээд тэдний гурав нь ээлж дараалан ажлаасаа  гарч бизнесээ сонгосон гэдэг. /Гүррагчаа, Мөнхбаяр, Барс ажлаасаа гарсан/


БОЛОМЖ- НЭГ ХААЛГА ХААГДСАН ГЭЭД ТЭР ДАХИЖ ОНГОЙХГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ

Дөрвөн найз 3 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтворжуулж бүтээгдэхүүнээ сайжруулахын зэрэгцээ шинэ боломжийг эрэлхийлж, 2017 онд хувьцаат компани болохоор зорьжээ. Эхний ээлжинд Гаули гээд брокерийн пүүс компанид хүсэлтээ танилцуулахад хувьцаат компани болоход үйл ажиллагаа, зохион байгуулалт, компанийн засаглал, менежмент дутмаг, боломжгүй гэсэн хариуг авчээ. Залуус зорилгоосоо ухрахыг хүссэнгүй. Жилийн дараа “Монголын үнэт цаасны бирж” байгуулагдахад хувьцаат компани болох төслөө бичиж өгснөөр эерэг хариу авч, зах зээлээ тэлэх, шинэ засаглал бий болгох үүд хаалга нээгдсэн байна.  

Тэд нийт эзэмшлийнхээ 34 хувийг зах зээлд хувьцаа хэлбэрээр байршуулж хөрөнгийн зах зээлээс нийт 1,5 тэрбум төгрөгийг амжилттай босгож чаджээ.  Тэд Засаглал, менежментийн хувьд эрс өөрчлөгдөж шилэн данстай, нээлттэй компани болсноор компанийн үнэлгээ ч эрс өсөж 2020 оны байдлаар 4 тэрбум төгрөгт хүрсэн юм. 

Хувьцаагаар босгосон хөрөнгийн 65 хувийг 1000 м.кв үйлдвэр барьж байгуулахад, 20 хувийг тоног төхөөрөмжөө сайжруулахад, үлдсэн 15 хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулсан. Ингэснээр Үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, ажилчдын тоо өсөж, үндэсний  томоохон хэрэглэгч  үйлдвэрүүдтэй харилцах боломж нээгджээ.


ТОМ МӨРӨӨД

Өдгөө Тэд бидний сайн мэдэх Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, MCS, Дулааны цахилгааны 4-р станц зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн ханган нийлүүлэгч болохын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн гэрэлтүүлэг, Эрдэнэт хотын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэхээс гадна Монгол Улсын нийт 6 суманд “гэрэл түгээж” хөгжил нэмжээ. Хийж бүтээсэн ажил, хийж бүтээх ажил ч их тэдний компани зөвхөн өнгөрсөн онд гэхэд 2,2 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан хэдий ч Монгол Улсын гэрэл чийдэнгийн зах зээлийн ердөө 2 хүрэхгүй хувийг л эзэлж байна. Энэ нь тэдэнд ямар ирээдүй байгааг, Монгол Улсад ямар боломж байгааг бэлхнээ харуулна. Жижиг эхлэлээс том зорилгод хүрч чадсан тэдний алсын хараа ч нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, гадаад зах зээлд экспортлох том мөрөөдөлд чиглэж байна. 


Холбоотой мэдээ