Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн татварыг хөнгөлөх хуулийн төслийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-20 16:14:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.


Төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  танилцуулав. УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадал, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг” дэвшүүлсэн. Коронавируст халдварын улмаас газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдав. 


Мөн хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна. Иймд  хөдөө аж ахуйд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа. 


Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Х.Булгантуяа нар төслийг баталснаар шаардлагатай тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг хаврын тариалалтаас өмнө оруулж ирж амжих эсэхийг тодруулав.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, "Ноднин 11 дүгээр сард гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлж аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн үрийн буудай импортлох эрхийг олгосны зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан нийтдээ 16 мянган тонн улаан буудайн элит үрийг нөөцлөөд байна. Үүнийг тариаланчдад хөнгөлөлттэй үнээр өгнө. Түүнчлэн хаврын тариалалт тавдугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих учир цаг хугацааны хувьд хоцрох асуудал байхгүй" гэлээ. Мөн энэ хавар нөөцийн махны тасалдал үүсэж, үнийн хөөрөгдөл гарахгүй. Үнийн хувьд өнгөрсөн оны түвшинд байх бөгөөд энэ сард 1800 тонн мах борлуулсан төдийгүй энэ жил нийт 11 мянган тонн мах нөөцөлсөн гэж З.Мэндсайхан сайд хариулав. 


Уг хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Мөн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Төсөлд шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн татварыг хөнгөлөхөөр тусгасан юм.


Дээрх хоёр хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Холбоотой мэдээ