Хөл хорионы үед түрээслэгчдээсээ төлбөр авахгүй

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-21 00:22:00

Хэнтий /МОНЦАМЭ/ “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд “Оч” төвийн 21 түрээслэгч, “Алтан Од гэрэл” ХХК-ийн захирал У.Одхүү “Өгөөж” төвийн “Болор зоог” цайны газрын түрээсийн төлбөрийг Чингис хотод тэг зогсолт хийсэн хатуу хөл хорионы үеэр чөлөөлөхөөр болсныг өнөөдөр мэдэгдлээ.

Тодруулбал, аймгийн Засаг дарга иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу орлогч Ц.Чогсомжавт ААН, худалдааны төвүүдийн эзэдтэй холбогдож, түрээсийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг судалж шийдвэрлэхийг үүрэг болгоод байсан юм.

Өмнө нь Т.Доной захиралтай “Эвт” худалдааны төв хөл хорионы үед 300 түрээслэгчийнхээ түрээсийн төлбөрийг чөлөөлөхөөр болсныг дуулгасан.

Ковидын өвчлөлгүй Хан Хэнтий аймаг болохын төлөө ард түмнийхээ дуу хоолойг сонсож, төр засгийн шийдвэрийг хүндэтгэн, хамтран ажиллаж байгаа тус  хамт олонд аймгийн удирдлагууд талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ