Цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 15:12:17

Дэлхий дахинд жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг “Дэлхийн цусны донорын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил 12 дахь удаагаа Баянхонгор аймагт “Цус амьдралын амин холбоо” гэсэн сэдвийн хүрээнд “Цусаа бэлэглэж амьдралыг тэтгэе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн өдөр Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас 6.8 литр цус бэлэглэж 18 хүний амь насыг аварсан Ванчиндоогийн Мөнхцэцэг, 4 литр цус бэлэглэж 12 хүний амь насыг аварсан Төмөрчөдөрийн Оюунчимэг, 3.6 литр цус бэлэглэж 9 хүний амь нас аварсан Ганаагийн Баярцэрэн нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг дурсгалын зүйл гардууллаа.

Нийгэм олон нийтэд сайн дурын авлагагүйгээр цусаа өгөгч байнгын доноруудыг таниулах, урьд нь цусаа өгч байгаагүй эрүүл бие бялдартай залуучуудыг донорын үйлсэд уриалах, олон нийтэд цусны хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар таниулах, цусаа бэлэглэснээр бусдын амь насыг аварч болох донорын үйлсийг сурталчлах, цусаа бэлэглэн бусдын амь насыг аварсан ачтан доноруудад талархал илэрхийлэх үүднээс тус арга хэмжээг уламжлал болгосон байна.

Жил бүр сая сая өвчтөний амь нас цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлснээр аврагддаг. Төрөхийн хүндрэл болон, осол гэмтэл зэрэг олон өвчний үед хүний амь насыг аврахад чанартай, аюулгүй, хүрэлцээтэй цус цусан бүтээгдэхүүн тулгамдсан асуудлын нэг болж байгаа учир эрүүл чийрэг иргэн бүрийг “Донор”-ийн эгнээнд нэгдэхийг холбогдох албаныхан уриалж байлаа.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ