Ц.Ганчимэг: Дарханыхан TEDx-ийн үнэ цэнтэй санаагаар бүтэн жил амьсгална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-26 15:20:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран TedxDarkhan үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. 2021 оны хувьд тус үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, TedxDarkhan-ы ерөнхий зохицуулагч Ц.Ганчимэгтэй ярилцлаа. 

-2019 онд орон нутагт анх удаа TedxDarkhan үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаас хойш 3 дахь жилдээ золгож байна. 2021 оны хувьд TedxDarkhan ямар онцлогтой байх вэ? 

-Оюунлаг үйл ажиллагааныхаа талаар гурав дахь жилдээ ярилцаж байгаадаа баяртай байна. Эмэгтэйчүүдийн холбоо энэ жилийн TedxDarkhan-ыг нэлээн онцлогтой зохион байгуулахаар төлөвлөж TED-ээс 3 чиглэлийн зөвшөөрлийг албан ёсоор авсан. Яагаад гэвэл энэ жил Дархан хот байгуулагдсаны 60 жилийн түүхт ой тохиож байна. Мөн ковидын нөхцөл байдалтай уялдуулах хэрэгцээ үүссэн. Tedx-ийн үнэ цэнтэй санааг түгээн дэлгэрүүлэх ажил "Ковид-19" цар тахлаас болж дэлхий даяар зогсох ёсгүй юм. Иймд Studio буюу бичлэг хэлбэрээр явуулж байна. Энэ бол манай эхний үйл ажиллагаа юм. TedxStudio-ийн илтгэгчид маань үзэгчгүй, өөрсдийн нөхцөл байдал боломжоороо бүтээлч байдлаа ашиглан илтгэлээ бичиж бичлэгийг илгээх юм. Дараагийнх нь бид Дархан сумын ЗДТГ, аймгийн ГБХЗХГ-тай хамтран TEDxDarkhan залуучууд буюу TedxDarkhanYouth гэж тусгай лиценз бүхий хүүхэд залуучуудад зориулсан TEDx-ийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна. Үүнээс гадна 10 дугаар сарын 16, 17-нд уламжлалт үндсэн үйл ажиллагаагаа хийх болно. Мөн  ухаалаг хот гэсэн сэдвийн дор Tedx маягийн форум үргэлжилнэ. Үндсэндээ манай Дарханыхан бүтэн жилийн турш үнэ цэнтэй санаагаар амьсгална гэсэн үг. 

-TedxDarkhanStudio-д илтгэх илтгэгчдийг сонгосон уу? Тэд ямар сэдвийн дор илтгэлээ тавих вэ? 

-Маш сонирхолтой илтгэгчдийг сонгосон. Сар сараар танилцуулаад явна. Дээр хэлсэнчлэн илтгэгчид маань өөрсдөө илтгэлийнхээ бичлэгийг хийж лиценз бүхий арга хэмжээ рүү илгээнэ. Ирсэн бичлэгийг шаардлагынх дагуу форматлаж  илгээх юм. Илгээсэн бичлэг нь TED-ийн журам, лицензийн шаардлагад нийцвэл автоматаар зөвшөөрөгдөж дэлхий нийтэд цацагдана. Агуулгын хувьд NEW US буюу бидний шинэ энгийн амьдрал ямар байх вэ? Өнөөдөр бүхий л түвшинд ковидын дараах амьдралыг ярьж байна. Тэгэхээр манай илтгэгчид шинэ энгийн байдалд аялал жуучлалын салбар, шинэ энгийн байдалд нөлөөллийн ажлууд гэхчлэн бид шинэ энгийн байдалд ямар байх, ямар хүлээлт үүсч байгаа гээд өнцөг өнцгөөс нь харж ярина. Бид Америкт байгаа мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, Японд амьдарч байгаа эрдэмтдийг урьж авчрахыг хүсдэг ч боломжгүй байдаг. Тэгвэл TedxDarkhanStudio-д цахиурын хөндийд цахиур хагалж буй эмэгтэйчүүд, монгол эрдэмтэд оролцох боломж нээгдэж байгаа юм. Цахиурын хөндийгөөс, холливудад хөл тавьсан ажил үйлс нь амжилттай яваа эрхмүүд оролцож байгаа. 

-Илтгэгч нарын илтгэлүүд Tedx-д зөвшөөрөгдсөн үү. Эсвэл илтгэлүүдээ одоо хүлээж авах юм уу? 

-Бид сар сараар нь бэлтгэж ТED рүү явуулж байгаа. Гуравдугаар сарын илтгэлүүд зөвшөөрлөө хүлээж байна. Бид эхний 5 илтгэгчийг танилцуулсан. Тухайлбал: "Полиси" төвийн Эрдэнэгэрэл “Анзаарагдаагүй хүч” гэсэн маш сонирхолтой илтгэл тавина. Та бүхэн заавал сонсоорой. Монголоос "Microsoft"-д ажиллаж байгаа 40 гаруй залуучуудын 13 нь эмэгтэйчүүд байдаг юм байна. Тэдний нэг болох Заяа гэдэг бүсгүй маш сонирхолтой илтгэл тавина. Та бидний мартдаг тэр сэдвээр сонирхолтой зүйл ярина. Мөн Ундрам гишүүн боловсролын талаар ярина. Өнөөдрийн бид шинэ хэв маягт бодож төлөвлөхдөө, гүйцэтгэхдээ юуг орхигдуулаад байна вэ? Юуг орхигдуулж болохгүй вэ гэдгийг их сонирхолтой өнцгөөс ярихаар бэлдсэн байсан.  

-Сар бүр илтгэгчдийг танилцуулаад явах юм байна. TedxDarkhanStudio-д оролцож үнэ цэнтэй санаагаа бусадтай хуваалцах сонирхолтой хүмүүс хэрхэн холбогдох вэ

-Надад бусадтай хуваалцах үнэ цэнтэй санаа байна. TedxDarkhan-ы илтгэгч болмоор байна гээд шууд хандаж болдог. Гэхдээ бүх юм стандарттай, цаанаас өгсөн удирдамжийн дагуу зохион байгуулдаг. Удирдамжид илтгэгчийг санал асуулгаар тодруулна гэсэн байдаг. Бид сүүлийн 2 сарын хугацаанд санал асуулга явуулсан. Үүний зэрэгцээ Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл санал болгох эрхтэй байдаг. Энэ мэтчилэн эхний 21 илтгэгчийг тодруулсан. Жишээ нь Дарханаасаа сар болгон 1-2 илтгэгчийг оролцуулна. 

-Аймгийн ЗДТГ-аас үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг. Үүний нэгэн адил аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагуудад дэмжиж хамтарч ажиллах үүд хаалга нээлттэй юу? 

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, үнэ цэнтэй санааг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй TEDx-ийн үзэгчид, сайн дурын залуусын оролцоо дэмжлэгтэйгээр бий болдог томоохон үйл ажиллагаа юм. Аймгийн ЗДТГ энэхүү олон улсын эрхтэй оюунлаг арга хэмжээнд анхнаасаа ач холбогдол өгч салшгүй нэг хэсэг нь болоод явдагт аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо төдийгүй Дарханыхан талархаж явдаг гэдэгт итгэлтэй байна. Энэ арга хэмжээг стандартын дагуу зохион байгуулж, үзэгчдийг сэтгэл ханамжтай байлгахын төлөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтарч ажилладаг хувийн хэвшлийн компаниуд бий. Энэ жил бид хамтран ажиллах компаниудаа тодруулж байна. Ковидын энэ унтаа сонин байдлаас хэн бүхэн гарахыг хүсэж байгаа тул бид эхний ээлжинд TedxDarkhanStudio-г аймгийн ЗДТГ-тайгаа хамтран эхлүүлээд байна. Жилийн турш томоохон 4 арга хэмжээг зохион байгуулах тул Tedx-ийн үнэ цэнийг ойлгодог ард иргэд нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх үйлсэд ач холбогдол өгдөг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллах болно.

-Одоо эхлэх илтгэлүүдийг үзэгчид цахимаар үзэхдээ тодорхой эрх, төлбөртэйгээр үзэх үү? 

-Маш чухал асуулт байна. Tedx илтгэлийг театрт очоод үзэхэд тасалбарын үнэ төлдөг. Дэлхий даяар энэ форматаар явдаг. Гэхдээ Youtube-т тавигдахад бүх хүн үнэгүй үзэх эрхтэй. Түүнтэй адил TedxDarkhanStudio бол сошиал контент учир пэйж хуудсыг дагадаг бол хүн бүр үнэгүй үзэх боломжтой. 

-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ