Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-22 13:30:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны хамтарсан тушаалаар цар тахлын үед эдийн засгаа сэргээх хүрээнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх хөнгөлөлттэй санхүүжүүлэлт олгох журам хэрэгжүүлж байгаа. 


Манай улс цар тахлын халдварыг дотооддоо алдсантай холбоотой УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-нд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. 


УУХҮ-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын хавсралтаар баталсан хөнгөлөлттэй санхүүжилтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулан, урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор боллоо. 


Энэ журмаар 6 хүртэлх сар буюу богино хугацаатай зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг  энэ он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилжээ. Ингэснээр алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийг шийдэж, алт олборлолт болон улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх аж. 


2020 оны төсвийн төслийн тодотголд 24 тонн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрсөн оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс 23.6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеийнхээс 8,3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Холбоотой мэдээ