Уул уурхайн долоо хоногийг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “Mining Week & Mine Pro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг ирэх сарын 11-13-нд дөрөв дэх жилдээ зохион байгуулна.
Уул уурхайн энэ
жилийн долоо хоног нь “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө
оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор Налайх дүүргийн Тайж
Хайрханы бэлд болох юм. Үүнд олон
улсын нэр хүндтэй салбарын холбоод тухайлбал, "Тогтвортой Хариуцлагатай
Уул уурхай” (TSM) стандартыг боловсруулсан Канадын Уул уурхайн ассоциаци,
хөрөнгө оруулалт, экспортыг
өргөжүүлэх чиглэлээр МУУҮА-тай хамтран ажиллаж буй БНХАУ-ын Уул уурхайн ассоциаци оролцоно.
АҮЭБЯ, УУҮА-ийн
мэдээлснээр уул уурхайн 7 хоногийн үеэр тогтвортой хөгжлийн бодлого, хариуцлагатай уул уурхай,
хөрөнгө оруулалт, олон улсын чиг хандлага, геологийн судалгаа, хайгуул, шинэ
эрчим хүч, газрын тосны салбарын сорилт, дэвшилтэт технологи зэрэг сэдвээр оролцогч талууд үйлдвэржилтийн
гинжин хэлхээг тогтвортой хангах, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлого, чиг
хандлагыг хэлэлцэх юм.
“Mine Pro
2025” үзэсгэлэнд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж, уул уурхайн томоохон төсөл, олон улсын хөрөнгө оруулагч,
санхүүгийн байгууллага,
зөвлөх болон технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд оролцох учир сонирхогч талууд мэдээлэл солилцож,
бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжтой.
“Mining Week & Mine Pro 2025” -ын онцлох хэсэг нь уул уурхайн салбарын Хөдөлмөрийн яармаг бөгөөд компаниуд нээлттэй ажлын байраа танилцуулж, ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, ярилцлага өрнүүлэхээс гадна гурав дахь өдөр нь залууст чиглэсэн салбарын шинэ технологи, ажил мэргэжил, сонирхсон чиглэлээр мэдээлэл авах “Future Engineers”, мөн уурхайчдын наадам болох аж.