Ардын уран зохиолч С.Магауиягийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-11 13:43:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Султаниягийн Магауиягийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Тэрээр 1921 онд төрсөн бөгөөд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Баян-Өлгий аймагт байгуулсан анхны 12 казах сургуулийн нэг болох Дэлүүн сумын сургууль, МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж байжээ. Анхны хөдөлмөрийн гараагаа багшаар эхэлж, Баян-Өлгий аймгийн "Өркендеу" /Өрнөх/ сонинд сурвалжлагчаас эрхлэгч хүртэл дэвшин ажилласан байна.

1950-иад оноос уран зохиолд хөл тавьж, "Чингис хаан" шүлэглэсэн роман, "Үрсийн хувь заяа", "Сургуулийн жилүүд", "Эх орны хөвгүүд", "Хэнд ч битгий хэл", "Амьдралын хээ хуар" зэрэг 10 гаруй бүтээлийг казах, монгол хэлээр туурвижээ. Мөн "Монголын нууц товчоо"-ны сонгомол эх, "Жангар" тууль, "Эр хоёр загал", Ц.Дамдинсүрэнгийн "Гологдсон хүүхэн" зэрэг олон бүтээлийг монгол хэлнээс казах хэлэнд орчуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар түүнд Ардын уран зохиолч цол хүртээсэн бөгөөд 2009 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Зохиолч, сэтгүүлч, орчуулагч С.Магауиягийн мэндэлсний 100 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн ИТХ-аас хараахан шийдвэр гараагүй. Харин аймгийн Нийтийн номын сангаас бүтээлүүдийг нь сурталчлах ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ