Цаг аваагүй иргэд шинжилгээний цэгт бөөгнөрөл үүсгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-03 15:23:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын нэгэнд нээснээр коронавируст халдварын шинжилгээ өгөх  цэгүүдэд цаг аваагүй иргэд дугаарлан, бөөгнөрөл үүсгэж байна.


Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэхдээ “Шинжилгээ өгөх цэгт иргэд бөөгнөрч, ачааллыг нэмж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмээ сахиж eruul.gerege.mn сайтаар цаг авч үйлчлүүлэх шаардлагатай”-г анхаарууллаа.



“Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хэвийн горимоор ажиллаж эхэлснээр ажилчдаа шинжилгээ өгөх шаардлага тавьж байна. Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдсэн тул шинжилгээ авах багийнхаа тоог гурав дахин нэмсэн. Сорьц цуглуулах шинжилгээний цэгүүд халдварын нэн эрсдэлтэй тул НМХГ-тай хамтран өдөр бүр эрсдэлийн хяналт хийдэг. “Нэг хаалга-нэг шинжилгээ” 12 хоногийн аянаар 500 гаруй мянган хүний шинжилгээ авсан”-ыг тэрбээр онцоллоо.


Шинжилгээний нэг цэг өдөрт дунджаар 644 иргэнд, нийт 22 цэгт 14 168 иргэнд үйлчилж, сорьц авах боломжтой. Нийслэлийн хэмжээнд 2100 гаруй эмч, 2000 гаруй сувилагч нийт 7070 орчим, хуваарьт шинжилгээний цэгүүдэд 400 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Амралтын өдрүүдэд eruul.gerege.mn сайт цаг өгөхгүй аж.

 

Холбоотой мэдээ