Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-25 13:20:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны А/86 дугаар захирамжаар аймгийн төвийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын баг байгууллаа.

Ажлын багийг аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев ахалж, гишүүдээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Нурлан, байцаагч Б.Энхбаяр, Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч Х.Берген, нарийн бичгийн даргаар Боловсрол, соёл урлагийн газрын нэгжийн дарга А.Еркегүл нар ажиллана.

Ажлыг баг энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл ажиллаж, сургууль, цэцэрлэгүүд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажиллаж байгаа эсэх, эрх бүхий байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актын хэрэгжилт, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын хэрэгжилт, багш, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулан мөрдсөн эсэх, багш, ажиллагсдын ажилласан жилийг зөв тооцож цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, урамшууллыг хуулийн дагуу тооцож олгосон эсэх, багш, ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэх, түүнийг шийдвэрлэсэн байдал зэргийг шалгаж, дүгнэлт гаргах ажээ.

Холбоотой мэдээ