Бүх нийтийн цахим гүйлт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2021-02-18 14:33:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооноос “Бүх нийтийн цахим гүйлт” зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Энэ нь "COVID-19" цар тахлын үед олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, иргэдийн гүйлтийн болон технологийн боловсролд зориулах аж. 

Цахим гүйлт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн шинэ тутам хөгжиж буй гүйлтийн нэгэн арга хэлбэр. Гол онцлог нь нас хүйс, мэргэжил, орон зайнаас үл хамааран олны бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүссэн хүн бүр уралдаж, өрсөлдөж болдог утгаар онцлогтой.  


Манай улсад өнгөрсөн онд болсон "Хамтдаа Бостон-2020" цахим марафоныг эс тооцвол өмнө нь ийм төрлийн олон нийтийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулж байгаагүй. Харин олон улсад 2020 онд 180 орныг хамарсан “Vitality running World cup” нэртэй эрүүл мэндийн гүйлтийн Дэлхийн цомын тэмцээн болж байжээ. 


Цахим гүйлтийн гол зохицуулалт технологит суурилна. Олон улсад зөвшөөрсөн гүйлтийн аль нэг аппликэйшн ашиглан, нэгдсэн зохион байгуулалтад орох юм. Тиймээс энэ төрлийн гүйлт нь иргэдийн техник технологийн боловсролыг дээшлүүлэх давхар ач холбогдолтой аж. 

Эх орондоо анх удаа зохион байгуулахаар төлөвлөж буй цахим гүйлтийг зохион байгуулах ажлын баг цахимаар хуралдаж, санал солилцлоо.


Холбоотой мэдээ