"Жэйкобс" Оюутолгойн гүний дэд бүтцийн ажлыг гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-08 15:20:53

“Оюу толгой” компани өнөөдөр техникийн болон мэргэжлийн үйлчилгээ, барилгын үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг Жэйкобс Инженеринг групптэй инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн (EPCM) гэрээг байгууллаа.

 Энэхүү гэрээ байгуулснаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг  эрчимжүүлэх юм байна. Жэйкобс компани нь Монгол Улсад бүртгэлтэй бизнесийн нэгжийг байгуулсан бөгөөд ирэх 5-7 жилд дотоодын оролцогч талуудтай хамтран ажиллаж, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх гэнэ.

 ”Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес “Өнгөрсөн сард Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарсан нь Оюутолгойн гүний уурхай шиг том төслийг цаг хугацаанд нь, төсөвт багтааж, чанартай гүйцэтгэх туршлага Жэйкобс компанид бий” хэмээн онцоллоо. Харин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ, “Энэхүү нүсэр бүтээн байгуулалт урагшлахын хэрээр Оюутолгой болон Жэйкобс компани нь Монгол Улсын олон зуун аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажиллах болно. Энэ гэрээ байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд гол тоглогч болон төлөвшихөд онц ач холбогдолтой алхам боллоо” хэмээн мэдэгдлээ. Жэйкобс компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Стив Деметрюу “Оюу толгой, Монгол Улс, мөн цаашлаад олон улсын зэсийн салбарт чухал ач холбогдолтой энэхүү төсөлд оролцон ажиллах болсноороо бид их бахархаж байна. Оюу толгойн гүний уурхайн төсөл нь олон улсад хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төслүүдийн нэг бөгөөд захиалагч компани болон Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах болсондоо туйлын их баяртай байна” хэмээн онцлов.

Жэйкобс компани нь гүний уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэлт, түүнтэй холбогдох гадаргын болон газрын гүний дэд бүтцийг хариуцан ажиллах  юм байна. Энэхүү төсөл 5-7 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ