Г.Хэрлэнчулуун: Аймгийн хурал иргэддээ ойр, нээлттэй, ил тод байх зарчмыг нэн тэргүүнд баримтална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-09 17:29:30

Хэнтий /МОНЦАМЭ/ Орон нутгийн бодлогыг тодорхойлогч Нутгийн өөрөө удирдах байгууллагын анхны эмэгтэй удирдлагаар сонгогдсон Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуунтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан юм. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажлаа хүлээд аваад удаагүй байгаа ч олон зүйлийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа байх?

-Хэнтий аймгийн түүхэнд нутгийн өөрөө удирдах байгууллагын даргаар эмэгтэй хүнийг анх удаа сонгож байгаа нь эмэгтэйчүүдэд итгэх итгэл нэмэгдэж, шударга ёсыг эрхэмлэх, эв эеийг хичээх, хариуцлага сахилгыг өндөржүүлэх том сорил, итгэлийг надаар дамжуулан эмэгтэйчүүдэд хүлээлгэж байна гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирсэн. Тиймээс ард иргэд, журмын нөхдийнхөө итгэлийг алдахгүйн төлөө өөрийн мэдлэг оюун, туршлагаа дайчлан хичээн ажиллах болно.

-Иргэний нүдээр харахад эмэгтэй хүнд улс төр хүндхэн алба санагддаг шүү. Харин таны хувьд?

-Тэгэлгүй яахав. Улс төрийн албанд зүтгэж буй ганц эмэгтэйчүүд ч гэхгүй хүн бүрт цаг наргүй ажиллах хэрэгцээ шаардлага гарна. Мөн түүнчлэн олны анхаарлын төвд ажиллаж амьдарч байдаг тул үг хэл, үйл хөдөлгөөнөө зөв авч явах, ард иргэдийнхээ эрх ашигт нийцсэн зөв шийдвэрийг гаргах  гээд олон шалгуур байдаг шүү.

-Энэ их ажлынхаа хажуугаар эмэгтэй хүн, ээж хүнийхээ үүргийг хэрхэн биелүүлж анхаарч байна даа?

-Миний хувьд цаг зав муутай болохоор гэр бүлдээ тэр бүр анхаарал халамж тавиад байж чадахгүй ч гэлээ аль алийг нь алдагдуулахгүйгээр амжуулахыг хичээдэг. Миний ханийн хувьд 10 гаруй жил төрийн албанд ажиллаж, төрийн албаны үүрэг, хариуцлага, ачааллыг мэддэг учраас намайг сайн ойлгож, маш их дэмждэг. Харин хүүхдүүдийн маань хувьд том болчихсон болохоор харьцангуй биеэ даагаад ээждээ нэг их төвөггүй байдаг ч эх хүний хувьд анхаарлаа хандуулалгүй яахав.

-Аливаа байгууллагын удирдлага солигдоход бүтэц, зохион байгуулалтын хувьд нэлээд өөрчлөлт ордог. Та энэ ажлыг авснаасаа хойш халаа сэлгээ хийсэн үү?

-Миний хувьд 2008 оноос хойш одоог хүртэл аймгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд түүгээр ч барахгүй 2008-2012 онд ажлын албаны даргаар ажиллаж байсан болохоор Хурлын байгууллагатайгаа байнгын ажил хэргийн холбоотой байсан гэж хэлж болно. Мэдээж хүн хүний өөрийн удирдах арга барил, ажлын арга туршлага өөр байдаг учраас ажилтнуудын ажлын чиг үүрэгт бага зэрэг өөрчлөлтүүдийг оруулснаас өөрөөр ямар нэг халаа сэлгээ хийгээгүй.

-Хэнтий аймгийн ИТХ ирэх 4 жилд ямар бодлого, зарчмыг баримталж ажиллах вэ?

-Хурлын байгууллага бол өөрөө төлөөллийн зарчимд суурилсан бодлогын байгууллага юм. Тиймээс аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар 2020-2024 оны үйл ажиллагааны үндсэн зорилтоо батлуулан түүнээсээ салбарлан жил бүр стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллахаар бэлтгэл хангаж байна. Мөн аймаг орон нутгийн хэмжээнд буюу иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлж, түүнийг шийдвэрлэхийн тулд бодлогын түвшинд томоохон хөтөлбөр төлөвлөгөө батлан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллах болно. Тэр дундаа иргэдийн болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх үүднээс олон нийт рүү чиглэсэн соён гэгээрүүлэх чиглэлийн брэнд 10 ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Сонгуульт хугацаандаа иргэдийн оролцоо, эерэг хандлага, нийгмийн сэтгэлзүйн чиглэл рүү ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? Байшин барилгаас илүү хүн рүү, гэр бүл рүү чиглэсэн ажлууд дутагдалтай санагддаг.

-Энэ асуудал бол маш чухал юм. Яагаад гэвэл Улс орны хөгжил өрхийн хөгжлөөс, өрхийн хөгжил хувь хүний хөгжлөөс шууд хамааралтай байдаг. Тэр бүү хэл бидний өвөг дээдэс “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж ч ярьдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар буюу аймгийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт хүний хөгжлийн чиглэлээр тусгайлан хэрэгжүүлэх ажлуудыг тусгасан байгаа. Манай байгууллагын хувьд миний дээр дурдсан 10 брэнд ажил яг энэ чиглэлд хандсан ажлууд байгаа.

-Хэнтий аймагт удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал оролцоо, ямар хэмжээнд байна вэ?

-Ер нь иргэд сонгогчид маань шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдэд итгэх итгэл жилээс жилд нэмэгдэж байгааг статистик үзүүлэлтээс харж болно. Жишээлбэл 2016-2020 онд сумын Хурлын дарга 1, Засаг дарга 2 эмэгтэй байсан бол 2020-2024 онд сумын ИТХ-ын дарга 3, Засаг дарга 3 болж нэмэгдсэн, мөн аймгийн Засаг даргын дэргэдэх 11 агентлаг, газар, хэлтсийг эмэгтэйчүүд удирдаж байна. Тиймээс бид иргэдийн итгэл, хүлээлтийг дааж хариуцлагатай, ёс зүйтэй, шударга ажиллах нь чухал.

-Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн даргын сонгуульт ажлыг та хүлээж авсан. Олон охид бүсгүйчүүд 2021 онд холбоо юу хийх бол гэж харж хүлээж байгаа болов уу?

-Миний бие энэхүү холбооны ажлыг хүлээн аваад нэг жилийн нүүрийг үзэж байна. Бид энэ хугацаанд Тэргүүлэгчдийн хурлыг 5 удаа зохион байгуулан, 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж, тэргүүлэгчдийнхээ ажил үүргийн болон мэргэжлийн дагуу ажлуудаа хуваарилан өгч ажилласан ч цар тахлын улмаас нийтийг хамарсан ажил, үйл ажиллагаануудын зарим нь тасалдсан. Гэсэн ч цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ковидын эсрэг хамтдаа аян, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөгжил хөдөлгөөний талаарх сургалтууд гэх мэтчилэн ажлуудыг зохион байгуулж, 2020 оны 12 дугаар сард ажлаа дүгнэн хэлэлцэн, 2021 оны үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлоод байна. Хэнтий аймгийн хэмжээнд хүүхдийн хүчирхийллийн асуудал сэтгэл зовоож байна. Тиймээс энэ онд аз жаргалтай гэр бүлийг олноор бий болгох, хүчирхийлэлгүй аймаг болохын төлөө гол анхаарлаа хандуулах болно. Мөн Эмэгтэйчүүдийн хөгжлийн ордонтой болох асуудлаа үргэлжлүүлэн хөөцөлдөнө.

-Та мөн Хэрлэн 3-р багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Иргэдийнхээ санал санаачилгыг хэрхэн ажил хэрэг болгохоор зорьж байна вэ?

-Тийм ээ миний бие Хэрлэн сумын 3-р багаас 2 дахь удаагаа аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод байна. Юуны өмнө надад итгэл үзүүлэн сонгосон сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулиас хойш цар тахлын энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулах, иргэдээ дэмжих үүднээс “Халуун сэтгэл-Дулаан гэр”, “Халуун сэтгэл-Амин дэм” гэсэн 2 томоохон аяныг зохион байгуулсан. Цаашид өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинийг санаачлах, иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх тал дээр шат дараатай ажлуудыг төлөвлөөд байгаа.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ