Ирэх сард нэмэлт хоёр нислэг үйлдэхээр төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-27 11:45:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу хоёрдугаар сард гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах 4 удаагийн нислэгийг урьдчилсан байдлаар баталсан.


Тухайлбал, 2 дугаар сарын 3 болон 26-нд БНСУ-ын Сөүл, 10-нд Японы Токио, мөн сарын 24-нд БНТУ-ын Истанбул хот руу нийт 4 удаагийн нислэг хийнэ.


Өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш шууд нислэг үйлдээгүй тул, урьдчилсан байдлаар БНСУ, Япон, БНТУ-д байгаа 840 иргэнийг эх оронд нь ирүүлэх төлөвлөгөө гаргажээ. Түүнчлэн, дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөцтэйгөө уялдуулан, боломжтой тохиолдолд Сөүл, Токиогийн чиглэлд нэмэлт 2 нислэгийг ирэх сард хийхээр төлөвлөж буйг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Дээрх нислэгээр тухайлбал, 11 дүгээр сард цуцлагдсан Сөүлийн 5 удаагийн нислэгт хамрагдаж байсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг, Япон улсаас эх орондоо ирэх өргөдөл гаргасан иргэдийг УОК-оос тавьж байгаа таван шалгуурыг харгалзан үзэж авчрах аж. БНТУ-аас эх орондоо ирэх иргэд цөөнгүй байгаа. Мөн Европын бүсэд байгаа нэн яаралтай ирэх хүсэлтэй иргэдийг Истанбулаар дамжуулан авахаар төлөвлөжээ.


Эдгээр нислэгээр гадаад улс руу зорчих хүсэлтэй иргэд байгаа. Гэхдээ БНСУ хилээрээ зөвхөн тус улсад оршин суух албан ёсны эрхтэй болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүсийг нэвтрүүлж байна.


Харин “Япон улсын хувьд 2 дугаар сарын 7 хүртэл онц байдал зарлан, гадаадын иргэнийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа. Урьдчилсан байдлаар хилийн хязгаараа сунгах чигтэй байгаа тул одоогоор шууд нислэгээр Токио руу  явах хүсэлтэй иргэдийн асуудал эцэслэн шийдэгдээгүй”-г Л.Мөнхтүшиг онцоллоо.


Тэрбээр, “Японы талаас гаргасан шийдвэрийг тухай бүрт нь танилцуулна. Япон улс хилээрээ гадаадын иргэнийг нэвтрүүлэхгүй байгаа ч нислэг үйлдэх өдөр гуравдагч орон руу нислэг байгаа тохиолдолд Токиод дамжин нисэх боломж бий. МИАТ компанитай хамтран, тухай бүрт иргэдэд мэдээлнэ. Агаарын замаар иргэдээ авахаас гадна нутагтаа ирэх хүсэлтээ илэрхийлсэн ОХУ, БНХАУ-д байгаа цөөн иргэнийг шат дараатайгаар эх оронд нь ирүүлнэ” гэв.


Түүнчлэн, Сөүл хотоос 2 дугаар сарын 26-ны өдөр ирэх нислэгээр гуравдагч улсаас цөөн тооны иргэдийг авчрахаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.


Хилийн чанадаас нутагтаа ирэх иргэдийн тоо 11 дүгээр сарынхтай харьцуулахад нэмэгджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 8625 хүн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа бол нэн яаралтай, ойрын хугацаанд ирэх хүсэлт гаргасан хүн 2726 байна.


УОК-ын шийдвэрээр 2020 оны нэгдүгээр сарын 28-наас хойш тусгай үүргийн 119 удаагийн нислэг үйлдэж, гадаад улсаас нийт 28359 иргэнийг эх орондоо ирүүлжээ. 

Холбоотой мэдээ