47.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 104 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-05 18:13:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ онд Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байна. Хэдийгээр "Ковид-19" цар тахлын хүнд хэцүү жил тохиож байгаа ч аймгийн хэмжээнд 2021 онд 47.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 104 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ойн хүрээнд шинэ оны өмнөхөн хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар түүхэн, дурсгалт газруудаа орон нутгийн болон улсын хамгаалатад авах шийдвэр гаргаж, зөвшөөрөлгүй уул уурхай эрхлэгчдийн буруутай үйлдлээс хамгаалах шийдвэр гаргасан.

Харин бүтээн байгуулалтын тухайд авто замын салбарт 18.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Дархан-Шарын гол чиглэлийн 47.7 км авто замын 17 км өнгөрсөн онд хатуу хучилттай болсон бол энэ онд 28 км-ийг хатуу хучилттай болгож, Хонгор-Салхитын 13.2 км авто замын суурийн ажлыг бүрэн дуусгах ажээ.

Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын айл өрхүүд рүү дэд бүтэц шинээр татах ажлыг бүрэн дуусгахад 18.8 тэрбум төгрөг зарцуулна. Энэхүү ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж байгаа бөгөөд Дархан сумын 5,6,7,8 дугаар багийн айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбох юм. Эхний удаад наймдугаар багийн 10 гаруй өрх туршилтаар холболт хийлгэсэн юм.

Түүнчлэн энэ онд Дархан, Орхон суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих аж. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 100 хувьд хүргэх тал дээр анхаарч байгаа гэж УИХ-ын гишүүд болон аймаг орон нутгийн удирдлагууд үзэж байна.

Мөн 2011 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн дуусч амжаагүй 2200 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хүүхэд багачуудын соёл, амралт, чөлөөт цагт зориулсан  “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайн ажил дууссан ч цар талхын улмаас хараахан хүлээн авч амжаагүй бөгөөд үүнтэй уялдуулан сумдад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үүднээс Шарын гол суманд шинээр  хөл бөмбөгийн талбай, хуучин Дарханд спортын ордон шинээр барих ажилд 7.7 тэрбум төгрөг зарцуулах аж.

Хотын дотор дөрвөн км унадаг дугуйн зам болон алслагдсан гэр хороололд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1880 ширхэг гэрэлтүүлэг шинээр суурилуулж, иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг хангаж ажиллахаар төсөл хөтөлбөрүүддээ ийнхүү тусгажээ.

Мөн ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар жил бүр зохион байгуулдаг төсөл хөтөлбөрийг энэ жил Дархан хотын 60 жилийн ойн хүрээнд иргэд, ААНБ, төрийн бус байгууллагуудаас гарсан саналыг үндэслэн төр-иргэн, төр - хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тэдний оролцоотой 60 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэхээр онлайнаар болон цахим хэлбэрээр санал авч байгаа аж. Иргэдээс ирсэн санал санаачилга, бүтээн байгуулалтыг эрэмбэлэн чухал шаардлагатай гэсэн төслүүдэд санхүүжилт олгох ажээ.

Холбоотой мэдээ