Төгсөх ангийн сурагчдад тестийн үнэлгээ, зөвлөмж гардуулав

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-06-02 01:04:32

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар Дарханд төдийгүй Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй “Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийн хүрээнд мэргэжлийн сонирхол, чиг баримжааг үнэлэх тестэд аймгийн нийт ахлах ангиа төгсөж буй 1437 хүүхэд оролцжээ.

Тэгвэл тус тестийн үнэлгээний дүгнэлт зөвлөмжийг аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй холбогдох албаныхан Дархан сумын “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн төгсөх ангийн 288 сурагчдад гардуулав.

Уг төсөл нь төгсөх ангийн сурагчдыг ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, өөртөө болон эх орондоо ухаалаг ирээдүйг бүтээх боломжийг нээж өгөх зорилготой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээрх үнэлгээний тест нь 53 евро буюу 120 мянган төгрөгийн үнэтэй ч аймгийн ЗДТГ болон хэрэгжүүлэгч байгууллагууд хамтарч эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйгээр сурагчдыг үнэ төлбөргүй хамруулсан юм. Уг тестийн үнэлгээ нь Англи хэлээр гардаг учир төслийг хэрэгжүүлэгч хамт олны нөр их хөдөлмөрийн дүнд Монгол хэлээр орчуулж хүүхэд бүрий онцлог, чадварыг нарийвчлан гаргасан байна. Үнэлгээг нь дагалдаж хүүхэд бүрт төслийг хэрэгжүүлэгчдээс тестийн мэдээллийг багтааж амжилт хүссэн захидал илгээжээ. Сурагчид үнэлгээтэйгээ танилцаж өөрийн эргэлзээгээ арилгаж мэргэжлийн сонголтоо зөв хийх итгэлтэй болсон тухайгаа энэ үеэр илэрхийлж байв.

Төслийн үр дүнг тодорхойлох судалгааны ажлыг төгсөх ангийн сурагчдыг мэргэжлийн сонголтоо хийсний дараа буюу намар явуулж дүн шинжилгээ хийх аж.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ