Аймгийн Онцгой комисс 2253 өрхөд түлээ, нүүрс, хүнсний дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-16 20:39:32
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Монгол Улсад коронавирусний халдвар дотооддоо бүртгэгдсэн 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн Орхон аймаг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хариу арга хэмжээ авч эхэлсэн. Энэ хугацаанд аймгийн Онцгой комисс 12 удаа хуралджээ. 

Хичээл сургуулийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийн үйл ажиллагааг хориглох, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хяналттайгаар зохион байгуулах зэрэг аймгийн Засаг даргын найман удаагийн захирамж гарсан байна. 

 

Орхон аймгийн Онцгой комисс мэдээлэл, судалгаан дээр үндэслэн 2253 өрхөд хоол хүнс, нүүрс түлээний дэмжлэг үзүүлсэн.  Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсрол соёл урлагийн газар, Улаан загалмайн хороо, “Эрдэнэтийн хүү” ТББ зэрэг байгууллага нэгдэж айл өрхүүдэд дэмжлэг туслалцаа үзүүллээ. 

 

Аймгийн хэмжээнд коронавирусний эрсдэлийн 6 удаагийн үнэлгээ хийлгэхэд эхний дөрвөн үнэлгээгээр маш өндөр гарсан бол 12-р сард өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ.  

 

Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн байранд 70359099, 70353666 утсыг 9 оператораар зэрэг хүлээн авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд иргэдээс 18380 дуудлага хүлээн авч, 10416 иргэн рүү залгаж мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн нийт 2468 өргөдөл хүлээн авч 89,8 хувь буюу 2215 өргөдөлд тодорхой шийдвэр гаргаж ажиллалаа. Нийт 2315 байгууллага аж ахуйн нэгжийн 268258 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. 

 

Холбоотой мэдээ