Монголд 31 жилийн тэртээх энэ өдөр Ардчиллын төлөөх анхны цуглаан болж байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс 31 жилийн тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад болсон ардчиллын төлөөх анхны цуглаанаас хойш монголчууд ардчилал гэж чухам юуны төлөө байдгийг аж амьдралаараа, үйлс явдлаараа, хэрэгжүүлсэн ажлаараа, энэ он жилүүдэд гаргасан алдаа, оноо бүхнээрээ суралцсаар байгаа билээ.
Ардчилал бол хэзээ нэг цагт хүрч очих төгсгөлгүй бөгөөд байнгын суралцах, үргэлж арчилж, хотол олноороо тунгаан шүүж, ариутгаж байх ёстой тасралтгүй үйл явц, өрнөл, хөгжил, дэвшил юм.
НҮБ-ын Хүний эрхийн
Түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэхийг тухайн үеийн авторитар дэглэмт нам төрөөс
шаардаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, олон намын тогтолцоотой болох,
чөлөөт сонгууль явуулахыг зөвшөөрүүлж, улмаар 1992 онд шинэ ардчилсан Үндсэн
хуулийг боловсруулан батлуулснаар хуулийн засаглал, ардчилсан хэм хэмжээг хууль
ёсны болгосон түүхтэй. Ардчилсан хувьсгалын эхэн үед монголчуудын олонх нь
сонгосон шинэ нийгмийнхээ талаар ойлголт муу байсан ч, алхам алхмаар суралцсаар
өнөөгийн түвшинд хүрээд байна.
Монголын нийгэм өнгөрсөн 31 жилд олон сорилтыг амжилттай даван туулсаар өнөөгийн энэ өндөрлөгт хүрээд байгаа юм. Ардчиллыг бий болгох үйл явц хялбар биш гэдгийг Зүүн Европын орнуудын жишээ ч нотлон харуулсан бөгөөд зөвхөн монголчууд онож, алдсан хэрэг биш билээ.
Одоогоос 31 жилийн өмнө Хүний эрхийн олон улсын /12.10/ энэ өдөр Монголын сэхээтэн залуусын төлөөлөл Монголын Ардчилсан холбоог байгуулж, Монгол оронд ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан түүхийг өнөө үеийнхэн мартаагүй байна.