Оны спортын онцлох үйл явдал: “AIPS Sport Media Awards” шагналын эзэн Ч.Ганбат

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-09 13:00:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг түгшээсэн /COVID-19/ цар тахлын улмаас улиран одож буй 2020 онд олимп, дэлхий, тив, олон улсын уралдаан, тэмцээн олноороо цуцлагдсан ч бүтэн жилийн онцлох амжилт ололтуудаа дүгнэдэг уламжлал ёсоор Монголын спортын онцлох явдлуудаас нэрлэж байна.


Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хамт олноос төдийгүй Монголын спорт тэр дундаас Монголын спортын гэрэл зурагчин анх удаа дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдын бүтээлээс шилдэг гуравт шалгарч “AIPS Sport Media Awards” шагналын эзэн болсон Чулуунбаатарын Ганбат Монгол Улсын 2020 оны спортын онцлох үйл явдлын нэгд зүй ёсоор орно.



“AIPS Sport Media Awards”-ын 2020 оны спортын гэрэл зургийн “Алтан агшин” номинацид дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдын 1746 бүтээл өрсөлдсөнөөс Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-оос шилдэг 30 гэрэл зургийг тодруулж, улмаар шилдэг 10 бүтээлийг шалгаруулахад гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл багтсан билээ.


Унгарын Будапешт хотноо 2020 оны 2 дугаар сарын 3-нд болсон Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар Их хурлын үеэр AIPS Sport Media Awards” шагналын номинаци тус бүрийн гурван ялагчийг оролцуулж шилдгийг нь тодруулахаар 9 ялагчид урилгаа илгээсэн юм. Монголын гэрэл зурагчин Ч.Ганбат энэхүү хүндтэй урилгыг хүлээн авч Будапешт хотыг зорьсон билээ. Ийнхүү түүний “Before a catch!” бүтээл 3 дугаар байрт шалгарч AIPS-ын Их хурлын индрээс шагналаа хүртсэн юм.



“Спортын гайхамшигт агшин” төрөлд шилдэг гуравт багтсан гэрэл зурагчид:


PHOTOGRAPHY SPORT ACTION


Juan Arboleda (Colombia), You set the limits - AFP


Ganbat Chuluunbaatar (Mongolia), Before a catch! - Mongolian Sports Press Union


Zhuang Wu (China), Chinese boxer Xu Can - Xinhua



Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар мэргэшин дагнаж байгаа бөгөөд өвөл, зуны олимпын дөрвөн наадам болон Азийн 3 наадмыг албан ёсоор сурвалжилсан билээ.



Тэрбээр Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны Гран при /2012/ болон Тэргүүн байрын шагнал /2017/ тус тус хүртэж байсан юм.


Ч.Ганбат 1990-ээд онд гэрэл зургийг сонирхох болсноор Монголын гэрэл зураг гэдэг 90 шахам жилийн түүхтэй их айлын гишүүн болжээ. Ийнхүү 20 гаруй жил дагнан ажиллахдаа сүүлийн 10 гаруй жил олон улсын уралдаан тэмцээнийг сурвалжилжээ.


Түүний гэрэл сүүдрээр буулгасан үндэсний спортын нэгэн төрөл болох уурга шүүрэх агшны зураг нь монгол ахуйн онцлог, монгол хүний гайхамшигт ур чадвар, байгаль орчны үзэсгэлэнт дүр төрх гээд эх орноо дэлхийд сурталчилан, таниулахад онцгой  хувь нэмэр болсон гэрэл зургийн уран бүтээл юм.


Энэхүү зурагт үндэсний спорт наадмаар адуучид уургыг нэг шүүрэлтээр авдаг бөгөөд үүнийг 20-30 см зайнаас авсан нь монгол адуу давхиж байх үедээ байнга доод талаа мэдэрч явдаг, хэзээ ч чулуу өшиглөдөггүй, тарваганы нүхэнд үлийнд хөлөө хийдэггүйг тооцож аппаратаа байрлуулсан нь гайхамшигтай ур чадвар юм. Мөн хөх тэнгэрээ гаргаж, алслалт гээд бүх зүйлийг тооцоолж байж авсан гэдгээрээ илүү онцлогтой болсон байна. Энэ зургийг Төв аймгийн Лүн суманд авсан юм.



“AIPS Sport Media Awards”-ын 2020 оны спортын гэрэл зургийн “Алтан агшин” номинацийн шалгуурын хувьд мэргэжлийн талаас олон зүйлийг харгалздаг байна. Шалгаруулалтыг 30 гаруй шүүгчийн бүрэлдэхүүнтэй явуулдаг. Ч.Ганбатын бүтээлийн дараа Францын алдартай зурагчны зураг байсан бол удаалаад Герман, Австрийн алдартай гэрэл зурагчид шалгарсан гэхээр ямар шалгуурыг давсан нь тодорхой юм.

Холбоотой мэдээ