Тэтгэвэр олгох эхний өдрүүдэд төвлөрөл үүсгэхгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-01 16:23:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын байгууллагаас өнөөдрөөс /2020.10.01/ эхлэн 446.4 мянган тэтгэвэр авагчдад 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна.


Өнөөдөр өдрийн 12 цаг 30 минутад нийслэлийн III-IV хорооллын "Байгаль эх цогцолбор"-ын зүүн талд байрладаг Худалдаа хөгжлийн банкны салбар /TDB/-аас тэтгэврээ авах ахмадуудын дугаарлал нэлээд байгаа урт байгаа аж. Нийслэлд тэтгэвэр авагчдын олонх нь банкны салбаруудад биеэр очиж авдаг учраас ийм дараалал үүсгэдэг юм байна.


Улсын хэмжээнд 353,5 мянган даатгуулагчид өндөр насны, 71,9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг олгоно.


Коронавирус нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын байгууллагаас онцгой анхаарал хандуулж, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


Нэн түрүүнд банкин дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран 11 дүгээр сарын 14-нөөс эхлүүлжээ. Улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна.


Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусний халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдож нийт 14911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна.


Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллаж байна. 


Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа Нийгмийн даатгалын ерөнхий газраас зөвлөж байна.

Холбоотой мэдээ