Талбайн теннисний цогцолбор байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-29 23:04:12

Дархан хотын 50 жилийн ойг тохиолдуулж 2011 онд тус хотын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд “Талбайн теннис”-ний 1224 м.кв талбайг байгуулсан юм.

Одоогийн байдлаар уг талбай элэгдэлд орж  бэлтгэл сургуулилт хийхэд төдийлөн шаардлага хангахгүй байгаа учраас Дархан-Уул аймагт дахь “Талбайн теннисний холбоо”, “МАКС групп”-тэй хамтарч 60 сая төгрөгийн өртгөөр тус талбайг бүрэн засварлаж олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлэг тавихаар ирэх зургаадугаар сард ажлаа эхлүүлэхээр болжээ. Талбайн теннисийн спортыг тус аймагт эрчимтэй хөгжүүлэхийн тулд ирэх онд  аймгийн ЗДТГ-аас эрхлэн “Азийн Талбайн теннисний холбоо”-ны дэмжлэгээр дөрвөн корт бүхий 50:85-ын харьцаатай буюу 4000 метр квадрат битүү талбай бүхий “Теннисний цогцолбор”-той болохоор төлөвлөжээ. Энэ ажилд аймгийн Засаг дарга А.Энхболд өөрийн багийн хамт бүрэн туслахаа амлаж цогцолбор барих талбайн газрыг албан ёсоор хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж оруулахыг аймгийн Ерөнхий архитектор Б.Эрдэнэбаярт үүрэг болголоо. Ингэснээр Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн “Талбайн теннисний цогцолбор”-той болох юм.

Энэ тухай аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ:-“Тус хүрээлэнд усан парк, мөсөн гулгуурын талбай болон хөлбөмбөгийн олон улсын жишигт нийцсэн талбай бүхий “ Миний Найрамдлын Дархан” төслийг хэргэжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна” гэв. Талбайн теннисний спорт тус аймагт 2002 оноос эрчимтэй хөгжиж одоогийн байдлаар 70 гаруй хүүхэд хичээллэдэг. Эдгээр тамирчид 2013 оноос хойш “Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д тогтмол оролцож гурван удаа алтан медаль хүртэж, 2014-2016 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ий шигшээ багт зургаан тамирчин багтаж амжилттай оролцоод иржээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ